Үнэний эрэлч : Mянганд дуурсагдах түмэн онгодын чуулганд оролцсон тэмдэглэл

   Угтаж мэдээд ,тосч бэлдээд, тэсч гардаг хөх толбот Монголчуудын  эрдэм ид шидийг гаргах шиг болсон энэ үйлд оролцохоор  нөхөр болон дүү Ичинхорлоо, Найз Баярмаа, түүний хань Сүхбаатар, дүү болох Ганхуяг, эртний танил миний хуурай эгч Д.Оюунбилэг нарынхаа хамт  13-р зууныг зорьж, 16,00 цагийн үед очих газраа хүрэлцэн ирлээ.Замд цасан шуурга шуурч машинаас түр зуур гарахад л чих час хийн жавар тачигнаж, зам төд удалгүй  цасанд дарагдан  хонхор газраа хунгарлах нь Монголын хатуу өвлийг  бидэнд мэдрүүлж байлаа. 3 хоногийн өмнө Гачууртын Хар усан тохойн амралтнаас ачуулсан 5 ханатай гэрийг ажлын хэсгийнхэн байрлах зориулалтаар талбайн хойд хэсэт барьсан байлаа. Нүд алдам өргөн хөндийн  нэлийсэн их цасан дунд  хүний гараар бэлдсэн 1000 түүдэгийн хайс, хагалж хөрөөдөн овоолж өрсөн мод, ногоон шуудай гялгар хүүдийнд хийж бэлдэн тавьсан арц ганга, шар тос, аргал зэрэг нь их ажил өрнөхөд бэлэн болсныг илтгэнэ.Тун  цөөхөн хоногт ямар их ажлыг  ГӨ-ний залуус маань амжуулж чадаа вээ?  Ёстой л монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг энэ ажээ.Өндөр уулан дээрээс ч юм уу, онгоцноос энэ дүрслэлийг гарган дүрсжүүлбэл мөн ч бахтай байхсан даа..13-р  зуун руу 10 хэд хоногийн өмнө бас нэг гэр, 2 зуухны хамт  ачуулсан байсан бөгөөд өргөөний улаач .Сансармаагийн нэрлэснээр " нар сар гэрэлтсэн" гэрээ хайсаар оллоо. Хамгийн инээдтэй нь "Энэ гэрт хүн амьдрахгүй гэсэн тул бид гал тогооны зориулалтаар ашиглаж байна" гэсээр 3 эмэгтэй биднийг угтав.Ашгүй дээ, галыг маань түлж гэрийг минь дулаацуулсанд гялайлаа. Одоо давхарлагаа тавьчвал сайхан болно доо гэсээр 5 ханатай гэртэй хамт ачигдаж ирсэн туурга дээвэрээ авахаар  очтол Гээгэл Ариунаа, Баярмаа нар бүртгэл хийгээд тун завгүй сууна.Учраа тоочин хэлж тэдний доороо дэвсэн тухалсан дээвэр туургаа авчран гэрээ дулаалж дуусахад төд удалгүй 13-р зууны нэлийсэн талыг харанхуй нөмрөн хүн бүр л дор бүрдээ гэрээ тохижуулах, галаа түлэх ,тэтгэх  галаа  засах, хамгаалалтаа авах, нэмж гал тэтгэгчид бүртгүүлэх, эгнээ суудлаа  авч бичүүлэх гээд л ... дээр дооргүй  хөлхөлдөн хөл хөгсөөн ихтэй байлаа.Хөлтэйн хөлхөж хөлгүйн мөлхөнө гэдэг шиг...Хөлгүйн мөлхөнө гэхээс манай галд Ганхуяг хэмээх 30 настай залуу гал тэтгэхээр бидэнтэй хамт ирэв ээ. Хөөрхий минь, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй тул нэг гарын сарвуугүй, 2 хөл дээрээ босоо явж чадахгүй тул мөлхөж явах юм. Анх манай өрөөнд Баярмаа маань заавар зөвлөгөө авахаар ирэхдээ дагуулж ирж билээ.Араас нь их хурдтай гялс хийгээ л... доогуур нэг юм өнхрөх шиг болохоор нь ихэд цочин, хартал мөлхөө хүн байхаар нь сэтгэл шимширч , бас манай сайхан үйлд оролцох гээд ирлээ гэхээр нь хайр хүрч ихэд саймширсансан.Мөлхөхдөө их хурдан, гүйлгээ ухаан сайтай, хачин сэргэлэн бас болоогүй ээ..мэргэн түргэн хэмээн хүмүүс нааш цааш залж, ийш тийш их авч явдаг гэнэлээ.Хуягаа маань манай эгнээний эзэнгүй 9 галыг ганцаараа манаж мөлхсөөр үүрээр 4 цагаас хойш ирж унтаж амарч их үйлд оролцсон доо.Бахархмаар сайхан хархүү.

    Бүртгэлийн хэд нэлээд ухаан зарж нөр их хөдөлмөрлөн,  суух суудлын эгнээ, дугаар цацраг,жигүүрүүдийг оноон тохоож, нойр хоолгүй ажилласныг 10-дхан минуд хажууд нь суухдаа  мэдэрч тэднийгээ хайрлаж суулаа.Монголчууд л юм хойно багш шавь нар хамт сууна ..  салгалаа барилаа гэх нэг нь байхад тэдний ачаалал тайлбарыг ойлгон уриалагхан зөвшөөрөх нэг нь ч бас байх л юм.Ямар ч үйлийг хийхэд бэршээлгүй байна гэж юу байх билээ дээ. Ямартаа ч буурлуудын айлдсанаар гаргасан зураглалын дагуу үйл маань сайхан явагдсан билээ.Бүртгэлийн ажлыг дагнан хийж өөрийн үйлээ умартан зүтгэсэн Пүрэвсүрэн маань " Таныг Гэрэлт-Одын түшээгээр тавьчлаа шүү. Энэ хавтаснаас олоод утсыг нь аваарай" гэсний дагуу 100 хуудастай хавтсыг 2 бүтэн эргүүлэн хайв. Гэтэл энэ нь ФБ нэр байсан юмсанж.Хавтсыг тэг голоор нь дэлгэтэл Гэрэлт-Од  гээд гараад ирж билээ. хэ хэ хэ. 13-р зууны бүртгэлийн гэрт бид цөөхөн үг солилцон бараа бараагаа харалцлаа. Нэлээд ёсорхуу болов уу гэмээр  цэл залуухан өндөр хүү байлаа Судруудын хавтсыг урласан хүү гэж ГӨ- хөн хэлж өгөв.....

   Орой 19 цагийн үед улаач ,түшээ, гал манагч, бүх оролцогсод талбай дээр хуралтай хэмээн цагаан хоолойгоор хэн нэг нь зарлахад бид хүрч очив.Зохион байгуулалтын хэлтсийн дарга , цагаан хоолой,  өөрийн хоолой хоёрыг хослуулан байж тодорхой зааварчилгаа өгөв.Харин ч их бядтай хоолойтой юм билээ. Ямар ч байсан тойрон зогссон олон түмэн товч тодорхой ойлголт авч өөр өөрсдийнхөө үйлэнд шамдахаар тарцгаалаа .

      Бид тэтгэх галынхаа талбайн цасыг цэвэрлэн галаа ноцооход бэлэн болгов.  Гэртээ ирээд  7 бурхан одондоо сүүгээ өргөж хүслээ шивнээд унтахаар хэвтэцгээв. Юунд ч юм сэтгэл яарна. Сэрвэлзээд байн байн сэрэх юм.. Зүрхэн тольтод юу гэхийг хэлж  мэдэхгүй  догдлол төрж хөвсөлзөнө.Агаар дутагдахад л том томоор амьсгаа авч  уужирдаг шиг нэг л сонин. Утаатай агаараас талын сайхан агаарт очоод нам цохиулан унтмаар л юм. ...100-1 хүртэл тоолж байгаад нам унтжээ.Сэрэхэд 05.20 болж байлаа Босож галаа түлэн цайгаа чанаж байтал манай 10-тынхан дээшилцгээв.Өглөөний хоол ундаа цайлж дуусаад талбай руугаа зорилоо. Улаач бид 2 /түшээ/ 6- дахь жигүүрийн 1-р  эгнээний 7дахь суудалд сууж бөөлөөнд оролцох хуваарьтай байлаа.Манай улаач энэ эгнээний 10-тын ахлагч нь байсан юм билээ.Тун удалгүй төвөөс улаач нарыг хуяглахыг зарлигдсан  хэл ирснээр улаач маань " Би хуяглахаар явлаа" хэмээн гэрийн зүг одов.Энэ хугацаанд миний бие зүгээр суусангүй. Тэндэхийн цасыг цэвэрлэн, мод түлээ багатай газар нь моднуудыг нь тараан байрлуулах , хайс тулганд нь моднуудаа галдахад бэлтгэн өрөх гэх мэтээр гал манагчийн ажлыг давхар хийлээ.Энэ хэсгийн гал тэтгэх хүмүүс нь ирээгүй юм уу, эсвэл хуваарилалтнаас хоцорсон бололтой хүн хар их цөөхөн байлаа. Манай гэрийнхэн 7 дахь жигүүрийн 9 дахь эгнээний 15-20 дахь галыг тэтгэх оноолт таарсан  боловч хүн дутуу байсан тул 50 галыг манахаар   хариуцсан талбай руугаа явцгаан бэлтгэлээ үргэлжлүүлэн базаацгаав.Хэсэг хугацааны дараа хуягаа өмсөн танихын аргагүй болсон улаач хүү маань "Ганцаараа хуяглах гэж нэлээд хэцүүдлээ" гэсээр ирэв. Явлаа гэхэд нь дагаад явах минь яав даа гэж дотроо гэмшив.Муугийн санаа үдээс хойш гэж .

  Тэгж байтал "Нарны бөөлөө хийх тул зүүн жигүүрт цугла" гэсэн хэл ирлээ. Хүмүүс бөөлөөний талбай руу уван цуван явцгаана.Зохион байгуулагчид цагаан хоолойгоор хэл мэдээгээ хүргэхийг чармайж байсан боловч хэдхэн минут ажиллаад хүйтэнд царцсан уу яасан , цэнэглэгч зай нь хөлдөөд байгаа бололтой,..хоолойгоороо хашгиран хэлж, эсвэл 10-тын дарга нар улаачлан дамжуулж байв. Яг нөгөө "Цогт тайж " кинон дээр бие биедээ мэдээгээ хашгиран дамжуулдаг шиг.Нарны бөөлөө эхэллээ.Урьд өмнө нь гурвалжин дүрс болон зарим зүйлсийг хардаггүй байсан бол энэ удаа тун сайн харж байгаадаа ихэд урамшив Манай хэд ер нь их сайн харж түүндээ урамшин хамгийн чангаар харснаа хэлж ихэд хөөрцгөөв.Оролцож буй ихэнх хүмүүс нарны өөрчлөлт, өнгөний хувирал,нисэж буй шувуу сууж буй хүмүүний гадуур татсан шар ягаан хүрээ, хөөрч буй өнгө өнгийн бөмбөлөгүүдийг харж чадаж байсан билээ.Энэ бүхэнд их эзэн хаан  маань хөх толбот тэнгэрийн үрсүүд гэдэг ийм л байдаг хэмээн урмын үг хайрлан  байлаа. Бөөлөөн эхлэхээс өмнө Галт удган гялгар уутанд хийсэн түлхүүрийн зүүлтүүд  амьгүй байгааг хэлээд энерги хэмжигчээрээ хэмжихэд 2 зүү нь огт хөдөлсөнгүй.Бөөлөөний дараа амилах болно. Үүнийг та нарт амь насны хамгаалалт болгон тарааж өгнө гэв. Энэ нь зөвхөн сонирхон оролцогсдод өгөх зориулалттай байх гэж би бодсон тул өөрийн хэдээ "Наад амилуулсан холбогнуудаа насан туршдаа нандигнан хадгал. Эндээс түлхүүрийн оосор авах гэж зүтгэх хэрэггүй" гээд олон хүнд бүчүүлсэн тараагч руу явуулсангүй .Бөөлөөний дараа оосоруудыг нэлээд алс зайнаас хэмжихэд 2 төмөр нь урамтай дэлгэгдэн амилсныг илтгэж байлаа.Цугласан олон талбай руугаа хөдөлцгөөв.Их эзэн богд Чингис хаанаас хөх толбот Монгол түмэндээ илгээсэн Мөнх тэнгэрийн дуудлага-ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагыг чуулганд оролцогч бүх хүмүүн дууны багшийн удирдлагаар нэгэн зэрэг нижигнүүлэн дуудсаны дараа нийт оролцогсод Нар, Сар, Од Эрхэс, Тэнгэртээ болон Эх Дэлхийнхээ 4 зүг 8 зовхист хүндэтгэл үзүүлэн Гурвантаа мөргөвэй . Ёстой нөгөө өөр өөрийнхөөрөө эгшиглэнэ дээ хөө гэдэг шиг хүмүүс өөр өөрийнхөөрөө л залбиран мөргөцгөөв.Зарим нь гараа зүрхэндээ аван мэхийн ёсолж байхад зарим хүн  2 гараа хавсран залбирч , зарим нэг нь 2 гараа дэлгэн  толгойгоо газар хүргэн мөргөж байлаа даа, над шиг, хэ хэ хэ. Ашгүй тэгтэл час улаан цагаан хоолой барьсаар гарч ирсэн дууны багш Их Эзэн Богд Хааны айлдварыг уншихад цугласан түмэн даган  нэг хүн шиг нижигнүүлэн түрсээр дуусгаж тал хөндийг доргитол хурайлав. Харамсалтай нь цагаан хоолой бас л ажилласангүй ээ.Хүйтэнд царцсан байх.

 .Удалгүй галын ёсолгоо эхэллээ. Галаа хамгийн гадна захын 10-р галаас дотогшоо хумих маягаар асааж эхлэх заавар ирсэн тул хүмүүс дор бүрнээ бэлдэцгээн галаа бадраацгааж эхэллээ.Эхэндээ хамгийн урд эгнээний 10 гал дээр улаач нар сууцгааж түшээ нар дэмнэх учиртай байсан тул Улаач үрсүүд хуяглан  хуваарьт газрууддаа суусан нь харахад сүрдэм байв. Эрт дээрийн 800 жилийн тэртээх баатарлаг өвөг дээдсийнхээ гал голомтонд өнгөрснийг алгасаад хүрээд ирсэн ч юм шиг...

    .Галууд бадарч хэнгэрэг нижигнэн их үйл өрнөлөө.Төв хэсэгт юу болж байгааг харах боломж байгаагүй тул өөрийнхөө л хавьд болж буй үйл явцуудыг чадан ядан хэлхэж байгааг уншигч авхай нар болгооно буй заа.Талбайн дэг журам үнэхээр сайн байлаа. Ямар ч хүн талбай дундуур дэмий сэлгүүцэх асуудал гаргасангүй,хуваарьт газраа оногдсон үйлээ нягт гүйцэтгэж байсныг хэлэх хэрэгтэй санагдана.Улаач нар байн байн төв галыг дэмнэхээр талбай дундуур явж одох юм.Цагийн баримжаа 18 л өнгөрч байгаа бололтой .Үйл ундарч, ажил их байсан ч даарахгүй ,ядрахгүй ...хүн бүр л өөр өөрсдийн оногдсон ,оногдоогүй ажлаа гүйцэтгэн ёстой л ХАМТЫН ХАРИУЦЛАГА гэдэгийг энэ шөнө харуулж түр явсан нэгнийхээ галыг ч дэмнэн орчиндоо байгаа галыг минийх чинийх гэхгүйгээр тэтгэснийг 2 нүдээрээ харж баясав.Би хүртэл нэг мэдсэн чинь 10--д галыг дэмнэн тэтгэгч болж хувирсан байлаа.Харин Өвөрхангайн баг жаахан сэтгэлд хүрсэнгүй.Тун бага бөөлөв. Улаач маань нум сум авчрахыг даалгаснаар би чинь бараг 1км шахуу хол байрлах гэр лүүгээ санжигнав оо.Өглөөнөөс хойш хоол ундгүй байсан тул овоо өлсчээ.Хам хум хооллочоод хариуцлагатайн аргагүй буцаад очтол Содоо хэмээх улаач манай улаач 2 гэрэлт сум / сумныхаа үзүүрт даавуу ороон галдаад/-аа тавив. Энэ хойгуур Хүчит хар тэнгэрийн 9 ХАР СҮЛД-ний тайлга явагдсан бололтой .Харин цагаан сүлдний тайлга тун цэгцтэй сайхан болж хүслээ шивнэн, залбирч мөргөх үйлээ гүйцээцгээсэн .Дараа нь 9 судраа тунхаглан зарлаж, залахад 9 хатан 9 судрыг 2 гардан барьсаар гарч ирэв. Есөн  хөлт цагаан сүлдний доор тусгайлан зассан судрын тавиур дээр залж, адис аван явсаар бүх судруудыг байршуулав. Хүмүүс 9 цагаан сүлд болон 9 судраасаа адис авч мөргөнө, би ч бас мөргөн адис авч  талбайг бүтэн тойров. Үүнээс хойш нар  мандтал нийтийн бөөлөө үргэлжилж байсан бөөгөөд би улаачийн зарим эд зүйлийг дөхүүлэх гээд явсан хойгуурх үйлийг бараг мэдэлгүй өнгөрчээ.Галаа ч тэтгэж улаачаа ч дэмнэж байтал үүр цайлаа.Улаач хүү шөнөжин цурам хийсэнгүй .Тэр хэсгийн галыг заримдаа олуулаа, зарим үед ганцаараа хэнгэрэгийн дуу  үл таслан манаж хонолоо. Ер нь манай ГӨ-ний улаач балчрууд хийж буй үйлийнхээ зорилгыг  ойлгосон нь нүднээ илхэн харагдаж байсан бөгөөд бахархмаар бас хайр хүрмээр  байсан шүү. Цагийн багцаа шөнө дөл болж байсан болов уу даа. Улаач хүү маань " Мядагаа эгч ээ, уух юм бна уу?" гэлээ. Би 2 савтай сүү хажуудаа байлгаж байсныгаа аваад онгойлгох гэтэл тэс хөлджээ.Галын дөлөнд дөхүүлж тавин жаалхан гэсгээв.Бөглөө хавьцаагаа бас л хөлдүү тул онгойлгох гэсээр гогцоо нь тасарч орхив. Бараг цагийн дараа л нэг юм сүүгээ ууж гол орсон байх даа, улаач минь. Энд ажиллаж байхдаа... харваа намнаа ч юмуу ер ямар нэг айдас оогт байгаагүй юм даг. ИТГЭЛ ,СЭТГЭЛ,ЗОРИГ  3 байхад ямар ч үйлийг бүтээнэ гэж манай онгод тэнгэрүүд байнга хэлдэг юм. Их эзэн хаандаа, Тэнгэр удгандаа,ГӨ- хөндөө ,дагасан улаачдаа түмэнтээ итгэж байсан тул айдас хүйдэс төрөөгүй байлгүй гэж одоо бодох юм .Улаач маань намайг дуудаад урд  барайх тал,уулс руу зааснаа "Манай галаас цаашаа зах нь үл харагдах хязгаар хүртэл Буурал дээдүүдийн маань баатар цэргүүд биднийг хамгаалаад зогсож байгаа шүү дээ" хэмээв. -Чи үүнийг харж байгаа юм уу? -Үгүй ээ, би төсөөлж байна. Бидний хооронд богинохоон, тэгсэн хэрнээ дотоод сэтгэлд омогшил төрүүлсэн цухас яриа өрнөөд дууслаа..Үүр цайхаас өмнөхөн  галын дөл час улаан, эсвэл улбар шар өнгөтэй болж байснаа үүр цайсаны дараа өнгө нь  цагаан болж галын дөлүүд дээшээгээ сунаад явчих шиг сонин санагдаж байсан шүү Удалгүй шинэ эриний шинэхэн, тод улаан, хурц гэрэлтэй,  наран уулын цаанаас цухуйн хүмүүсийн уухайтай хамт мандан хөөрлөө. Яагаад ч юм нулимс өөрийн эрхгүй л хацар даган урсана. Хөөрч догдолсон түмний уухай хадаах нь улам нэмэгдсээр..байв

 .Шинэ эриний шинэ өглөө эхэлжээ. Хаан дээдэс маань үйл амжилттай сайхан болсоныг зарлаад бүх ороцогчдод талархалаа дахин дахин илэрхийлж байлаа. Дараа нь бид дурсгалын зургаа хамтдаа авахуулцгаав. Зураг авахуулахдаа би зүүн жигүүрийн нүүрний эгнээнд сууж байтал манай галын хэд идээний тэнд зогсож байна. Дуудан хажуудаа зай гарган суулгатал хаав халтар болцгоожээ. Хараад маш их хайр хүрэв. "Мөлхөө" хархүү маань зовоод машиндаа үлджээ.Энэ том үйлд хөлтэй хөлгүй, хөгшин залуу, эр эмгүй л бүгд дэмнэн оролцсоноор их ажлын ард гарч чадлаа Их хааныхаа хэлснээр  "БИД  ЧАДСААН".  Ил далд ертөнцийнхөн бүгд хамтарлаа, бүгд хүчээ өргөлөө, олны дэм оломгүй далай гэдэг энэ ажээ. Хөх монгол минь үеийн үед мандан бадраг ээ. хурай хурай хурай

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
утаа (зочин)

talarhlaa tanid
chin setgeliin dem shine erniig ehluulj chadlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)