Үнэний эрэлч : Унасан газар угаасан ус мину

Унасан газар угаасан ус мину


Төрж өссөн унаган нутаг минь атаа 5 тэнгэр 13 хайрханы өвөр билээ. Энэ нь аймгийн төвөөсөө 145 км алс оршино.Миний нутаг- Алтай 5 богдтой залгаа баруун болон баруун урд талаараа илдний ир шиг ирмэгтэй хадан шовх хясаануудтай, тэнгэрийн хаяанд хүрэх шахсан өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн , дундуураа Хайрт, Хар нуураас эх авсан Сагсайн гол минь чимээ шуугиантайхан урсана. Орой унтахаар хэвтэж байхад голын урсгал шуугин түрхэрч аяандаа л бүүвэйлэгдэн унтдагсан.Миний багад өвс нь морины дөрөөнд шүргэн ургадаг сайхан нутаг байлаа.Алтай сумын газар нутаг баруун хойгуураа Алтай 5 богд, Ёлт, Чигэртэй, Шарговь, Гурван даваат, Түргэн, Хайрт, Хар нуур, Гишүүнтийн сүрлэг өндөр уулс, хадан хясаануудаар хүрээлэгдэн тогтсон мөнх цас, мөлгөр мөсөөр хучигдсан үзэсгэлэнтэй сайхан нутаг. Хайрхаан.., энэ баян хангайнхаа хишгийг улсын анчин аавынхаа буянаар чамгүй их хүртсээн, би. Өндөр шовх уул хаданд нь хойлог, тас, ёл, ятуу, ахун, бүргэд, харцага, шар шувуу байнга байдаг. Зуны дэлгэр цагт хун, галуу, ангир, цахлай, нугас ирж нутаглан намартаа буцдагсан.Ёстой л мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил, Мөчит 4 хөлтний мөр нь гараагүй оргил... гэдэг зүйрлэл онож сайхан зохирно доо миний сайхан нутагт.Төрсөн нутаг яруу сайхан байхад эхээс салсан энэ бие ч хангай дэлхийнхээ эрчим юуг, салхины шивнээ, ургамал ногооны анхилам сайхан үнэр, ан амьтан жигүүртний гүйдэл дэвэлтээр хийморь сүлд нь хөглөгдөн жавхааждаг гэдэгт би итгэдэг.”1950 оны үед хонь мал үзэгдэхээргүй өндөр өвс ургаж, гол горхи нь хэдэн хоногоор үерлэж газар шороо нялхарч билээ” гээд л аав минь нутаг усныхаа тухай нүдэнд үзэгдтэл сайхан ярина..Уул нуруунд нь Вансэмбэрүү, зэрлэг саримс сонгино, хөмүүл, мангир, бэл сараана, тошлой, үмхий хар хад зэрэг ховор жимс ургана.Хайрт, Хар нуураас эх авсан Сагсай гол минь Алтай нутгийн дундуур урдаас хойш чиглэн урсах бөгөөд энэ голд зөвхөн Алтай сумын газар нутгийн баруун болон зүүнээс 16 том жижиг гол горхи нийлж урссаар Ховд голд цутгаж, зүүн хойш чиглэн урссаар алдарт Хар ус нуур болон тогтдог бөлгөө. Нутаг минь тарвага, үнэг, чоно, аргаль угалз, янгир баавгай, ирвэс,шилүүс, буга,согоо, хярс ,мануул,нохой зээх зэрэг амьтдаар элбэг ийм л баян хангай даа. Унасан газар угаасан ус нь өвөр нөмөрт нь өсөж өндийсөн үрсээ насан туршид нь тулж түшиг явдаг юм гэнэлээ. Өргөл юугаа нутгийнхаа зүг өргөн, өвөг дээдэс, онгод тэнгэрүүд , лус савдагтаа сөгдөн мөргөмүү,би.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

Е

Зочин

T47

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)