Үнэний эрэлч : Төрсөн нутаг, тэртээх бага насаа дурсахуй

Төрсөн нутаг, тэртээх бага насаа дурсахуй

Энэхэн замбад мэндлээд хэдэн жилийг элээжээ.Махан биеийг олж төрөөд хорвоод амьдрах хувь хүртсэн ховорхон заяатайгаа харьцуулан хийж бүтээсэнээ дэнслэн харахад хайран ч цаг  хугацаагаа дэмий алдаж дээ, хэмээн харуусмаар ч юм шиг...Нэгэнтээ БИ багш: миний залуу насны алдааг "Эр бор харцага " дуунд өвөг дээдэс маань аль хэзээний хэлээд өгчихсөн байгаа гэсэн гэдэг..Хэдийвээр оршин амьдарч буй нийхэм маань бидэнд өөрийгөө олох боломжийг хомс олгосон боловч үнэхээр л "Идэрхэн залуу насандаа даан ч ажиггүй явж" дээ...хэмээх бодол сэтгэлд хургана.....За, яахав яахав....Харин ч танагтай дээрээ өөрийгөө олсон нь их юм шүү.

.Миний бага нас-Би айлын 9 хүүхдийн доороосоо 7 дахь охин, Алтайн баруун хязгаарын атаа 5 тэнгэр, 13 хайрхантай нутгийн цаст уулсын бэлд төрж, Хар бут голын хөвөөнд умбан шумбаж  өссөн  эгэл нэгэн билээ. 60-аад оны хүн ам өсгөх бодлогын ачаар айл бүр олон хүүхэдтэй байдагсан.. 4-5 хүүхэдтэй айл бол цөөхөн хүүхэдтэй айлд ордог байж билээ. Эцэг эх маань 2 хүү, 7 охинтой мөртлөө дахиад 2 хүүг үрчлэн авч өсгөсөн ачтай буурлууд бөгөөд хүн ирж хүүхэд шуугиж л байвал баярлаж байдаг, үрээ танихгүй баян болсон ч үр хүүхдээр ханаж цаддаггүй ховорхон заяатай хосгүй хүмүүс билээ.. Манай баруун нутгийнхан 8 ханатай гэрт ихэвчлэн амьдарна.Суурин соёл иргэншил эхэлж байсан үе юм уу даа.Манайх намар, өвөлдөө "халуун байшиндаа" өвөлжөөд сургууль тарж ногоо цагааны шим дэлгэрэх үеэр зусландаа гарч," Шарговь"ийн шаргалтах хөндий, "Халзан хад"ын өндөр сүрлэг уулсын бэлээр зусаж цагаан идээ, тарваганы мах 2- оор  зуныг бардаг байлаа.Халзан хад хэмээх энэ газрын өндөр уулсаас эх авсан чөмөг царцаам хүйтэн устай гол, дээр нь ямаа тэргүүтэй мал бэлчиж яваа нь гэрийн тооноор харагддаг гайхам сүрлэг уулс нь одоо ч нүдэнд илхэн харагдах юм .Зэрлэг шарилжнаас өөр юу ч ургадаггүй болохоор Халзан хад хэмээн нэрийдсэн байх даа.Өндөр шовх уулсаас эх авсан тув тунгалаг хэрнээ их л  чимээ шуугиантайгаар том том чулуунуудын завсраар зайчлах мэт мурилзан, хөөсрөн  урсах  голын харгиа одоо ч нүднээ илхэн.Энэ сайхан хангайн эрчим юу нь үрс бидэндээ нөлөөлдөг байлгүй дээ,...  би 5 настай байхдаа чөлөөтэй уншдаг 1000- ын дотор нэмж хасдаг, баахан шулуун зураас зурчаад л тоо бичээд өг гэж хүн бүрийг хоргоон явдагсан.Энэ нь одоо бутархайн аргаар л бодож сурсан юм байлгүй. бас ч гүй  шатар тоглоно, хүмүүс өхөөрдөн  миний урмыг бодон хожигддог байсан байлгүй дээ. Би хожиж байна гэж бодоо л их маадгар байдагсан.Аав маань бие дааж босоо бичиг болон өнөөгийн бидний шоргоолжин бичгийг сурсан боловч надад зааж өгөхөд нь би их л амархан сурсан гэдэг .Надаас том ах эгч нар "Энэ хүүхэд уншиж чаддаг шд. За унш" гэхээр нь би "Тавааан жил .. гэх мэтээр уншиж өгнө. Үзэсгэлэн маягтай юм болж, хүмүүс их сонирхдог байж билэ

Бид багаасаа л хөдөлмөрч өсчээ.  Манайх намар болохоор аргал түлшээ хүүхдүүдийнхээ хүчээр бэлтгэн, арай томхон нь  дүү нараа удирдан тэмээ морио унан  аргалтай газрыг зорин одно доо. Би сургуульд арай ороогүй байсан санагдана.Цэнд, Төмөрбат ах хоёр 10 настай Цэрмаа Цэвлээ эгч нар   13-14 настай л байсан юм болов у даа.

Бид аргалаа түүж шуудай тампуугаа дүүргээд тэмээгээ хэвтүүлэн ачих гэж нусаа хацартаа наана .. Учир нь нуруу дутна, чадал дутагдана, . Тэгэхээр нь нэгийгээ доор нь хэвтүүлээд том тампуутай аргалаа нуруун дээр нь тавьж байгаад л ачиж орхино. Татлагаа 3 гурваараа хуваагдан 2 талаас нь тэнгэр харан гэдийж, газар унан мачийж байгаад татаж орхидог байсан тул тэмээгээ хөглөрүүлж энэ тэр бололгүй ирдэг байсан байх .Хар багаасаа ажлын дөртэй болсон учраас энэ амьдралдаа бидний хэн нь ч ажилдаа гологдож байгаагүй юм. Тиймдээ ч манайхан эмч , орчуулагч, шүүгч, дипломатч, тогооч, санхүүч,багш, төрийн албан хаагч нар болж улс орондоо хөдөлмөрлөсөөр явна.

Аав маань сум нэгдлийн нярав ажилтай 350 төгрөгийн цалин авдаг боловч бид өлсөж, цангаж дутагдаж гачигдаж байсангүй, 2 тэмээ, нэлээд хэдэн морь, бас саалийн үнээтэй тов хийсэн амьдралтай айл байсан юм. Хайнаг сарлаг голдуу саадаг байсан санагдана.Намайг 5-6 настай байхад сарлагийн голдуу тугалаа зэл татан уяж бараг үүрээр шахуу үнээгээ саахаар ээж маань хувингаа аван гардагсан.Биднийг багаас маань л эртэч болгон өсгөсөн юм шиг ээ. Эртэч гэхээс нэгэн сайхан дурсамж санаанд оров.Аав маань сумынхаа ангийн төлөвлөгөөний бараг 70%- ийг ганцаараа биелүүлж,морио хотойтол тарвага ганзагалан ирдэгсэн. Тарвага ирэнгүүт Цэрмаа, Цэвлээ гэх 2 эгч маань өвчинө, өвчсөн тарвагыг Төмөрбат ах бид 2 эвдэж чанахад бэлэн болгоно.Гэрийн сүүдэр, майханд тарвагануудыг том жижгээр нь эгнүүлэн тавьж, тоолох ажлыг 2 бага дүү хийнэ гээд л бүгд ажилтай. Нэгэн өдөр аав маань эртлэн анд явах нээ, янз нь. Ээжийг хувингаа аван гарахыг хараад сэрүүн хэвтэж байсан намайг аав: "Миний охин аавтайгаа тарваганд явах уу?" гэв. Би ч ухасхийн бослоо.Энэ удаа бид 2 ЯВА хэмээх мотоциклтэй явсан юм. Аавыг харсан тарваганууд хошгиролдоо л босоод ирнэ.Аав  буудсан л бол ононо.Оногдсон л бол тарвага хэмээх хөөрхийлөлтэй амьтан нам болно. Аав очиж харахчгүй яваад өгнө Би түүнийг нь цуглуулж мотоциклийнхээ дэргэд зөөж авчирна..Аав маань тарвагачлахдаа үнэгний толгойн арьсыг өмсөөд сагсгар сүүлийг нь гараараа эргүүлэн бага зэрэг өлмий дээрээ гэтэн, цовхрох маягаар явахад тарваганууд зэрэг зэрэг хошхиролдоо л хөндий тарваганы дуугаар хөглөгдөх мэт болдог байж билээ. Аав ташралдуулж байгаад гохоо дарахад нэг суманд 2 тарвага оногдох бол энүүхэнд. . ийнхүү тарвагачилж явахад хөөрхий тарваганууд өөрийг нь ангуучлах дайсан бус ямар нэгэн үнэг,мануул явна гэж боддог бололтой энд тэндгүй л оцойн босч 2 мөчөө урдаа аван цогнойгоод дээд уруулаа цорвойлгон хошгиролдож өгнө дөө. Энэ үед туслах миний бие илүү дутуу хөдөлгөөн хийж болохгүй, тун тэвчээртэй нам сууна даа.Би ч их л анхааралтай бас бахархан харж суудаг байлаа.Энэ үедээ эрэгтэй болж төрөөгүйдээ үнэхээр их харамсдаг байж билээ ,ккк Ангийн тэнгэр аавыг минь хардаг байж дээ, одоо бодоход. Бид 20-д тарвагаа ганзагласаар харив. Гэтэл гэрт бөөн асуудал үүсчээ.Хүн болгон айж  мэгдсэн байлаа. Учир нь би багадаа байнга ярьж зүүдэлдэг, заримдаа босоод явчдаг нэгэн байлаа Нэг удаа ээжийнхээ өмдийг өмсчөөд унтаад өгсөн тул өглөө сэрээд ээж маань бөөн эрэл болжээ. Үнээ малаа саагаад орж ирэх үед нь өмдийг нь би өмсчихсөн босож ирсэн гэх мэт паянтай тул манайхан намайг зүүдлээд ойролцоох нууранд унаад осолдсоноос зайлахгүй гэж бодон сандралдсан нь энэ юм санж. Яагаад ч юм багадаа өндөр дээрээс хар эрчээрээ доош эргэлдэн унаж байна, .... яаг няцардагийн даваан дээр ...ашгүй зөөлөн газардлаа  гэж их зүүдэлдэгсэн.Бүүр том болсон хойноо ч зүүдэндээ дуржигнатал ярих, жалам харыг аялан бусдад шоолуулах явдал энүүхэнд байдаг байж билээ.

Жалангаш хэмээх уул тал хосолсон энэ сайхан хөндийд сумын төвийн айлууд зусдаг байв, Энэ зуслан бол эргэн тойрондоо гурван бяцхан нуураар хүрээлэгдсэн зүүн талаараа малын бэлчээр бүхий хөндийтэй, залгаад битүү шигүү ойтой байсан санагдана. Тэр үед энэ нуур миний бяцхан тархинд асар том далай мэт санагддаг байв. Нутгийн өвгөд хөгшид “хөлгүй нуур” хэмээх тул хэн ч усанд орохгүй,эрэг дээрээс нь өнгийн харахад ногоороод л мандал нь салхинд үл мэдэг долгилоод, ёроол нь үл харагдана.Одоо бодоход ус гол ,байгалиа хайрлах сэтгэлээр багачуудыг шумбуулдаггүй байсан ч юм болов уу даа. 2012 онд нутгаас авга ах маань ирэхэд сэтгэлд хоногшин үлдсэн сайхан тойромоо асуулаа. “ “Ширгэсээн, тарвага зурам нь ч үгүй болсон шүү дээ” гэв.....Бачуурч,... уйлмаар...ойр дотны хүнээ алдсан юм шиг эмзэглэв. Хаа байсан Алтайн хязгаарт хүртэл ус гол минь ширгэн хатаж, ан амьтад нь үгүй болно гэж бодохоор.... аргагүй л эмгэнэл эхэлжээ.Нутгаасаа би 38 жилийн өмнө 10-д хан настай байхдаа гарч билээ. Хүний амьдралын 40 жил гэдэг нэгэн бодлын урт ч юм шиг..Ертөнцийн хаа сайгүй байгаль дэлхий маань аврал хүсэн биднийг харж байна. Энэ эгзэгтэй үед нар ,сар, дэлхийн амийг тэтгэх агуу үйлийг нүүдлийн соёлоор бадраан хийж, монгол хүний уураг тархинд амин эрчмийг сэргээж өгсөн өвөг дээдэсүүд, Их Эзэн хаан болон онгод тэнгэрүүдийнхээ үйлийг өртөөлүүлэн дэлгэрүүлэх нь бидний үндсэн үүрэг гэж би боддог. Энэхүү үйлийн төлөө монгол хүн бүр зүрх сэтгэлээрээ нэгдэх болтугай. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)