Үнэний эрэлч : Шамбалын орон буюу Догшин хутагтын орноор / тэмдэглэл/

Шамбалын орон буюу Догшин Хутагтын нутгаар
/ тэмдэглэл/
Унаган багын андууд гэдэг нас явах тусам улам ээнэгшин нэгнээ үгүйлж , биеэ биедээ харилцан уусах мэт сүлэх их хайр ундарч байдаг сэтгэлийн их хайлан бололтой. Их сургуулийн 2 найз бүсгүйнхээ хамт нэгнийдээ цуглан өдөржин шөнөжин хорвоогийн хамаг л сайн саарыг хүүрнэлдэн гэгээн инээд цацруулсан нэгэн шөнийг өнгөрөөсөн ч уйдаж цөхөх биш улам л татагдан дотносож Өмнөговь аймгийн Хан богд суманд суурьшин 10-д жил болж буй ангийнхаа охины урилгын дагуу Галбын говиор аялах сайхан шийдвэрт хүрцгээлээ.Орон нутгийн автобусаар өглөө 8.30 цагт хөдлөн сургуульд байхдаа уншиж байсан Их говийн зоригтнуудын зүг хөлгийн жолоо заллаа. Гучаад хүнтэй паз автобус эг маггүй давхисаар Дундговь аймгийн төвд буудаллан замын алжаалыг түрхэн ч болов умартуулан “Тэмүүжин “ хэмээх хөдөөгийн буйдхан хоолны газар саатав.Дундговь руу орж ирэхээсээ өмнө түрхэн зуур зүүрмэглэжээ.”Өө, нэг сумын төв ороод ирлээ” гэх Ариунаагийн дуунаар сэрэв.Явахаасаа өмнө ямар ямар сум орон нутаг дайрдгийг” гүүгэлддэг” байж хэмээн бодож байлаа. Хамт зорчигчдоос хаана ирснийг лавлатал Дундговь аймгийн төвд ирээд байгаагаа мэдэв.Хэсэг залуус “Хөшөө ихтэй, хөгжил багатай” нутаг даа хэмээн хөгжилдөнө.. Миний хувьд хангай газар төрж, нийслэл хотод өссөн нэгэн билээ. Говийн тухай ном зохиолоос л уншиж байснаас нүдээр үзэн биеэр туулж байсангүй . Их нуур долгилох мэт зээрийн сүрэг, элсэн манхан уулс, зах хөвөө нь үл харагдах ээрэм тал,”Угалз” хэмээх говийн шуурга,дуу шүлгэнд мөнхөрсөн алдарт заг, гоёо, “Нээрээ л би тэмээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ”хэмээн “Болор цом”-хүртсэн шүлгийн баатар их говьд буй хэмээх ядмагхан мэдлэгтэй миний бие элсэн говийн ээрэм талаар аялж буй анхны аялал тул автобусны цонхоор жирэлзэн өнгөрөх хот суурин, газар орон, суурь сууриар бэлчих хонь ямаан сүрэг, азарга азаргаараа давхилдах адуу, зуу зуугаараа тайван бэлчээрлэх тэмээн сүрэг, тугалаа дагуулан бэлчих үнээ малыг харахад “Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ? ...” хэмээх дууны үгсээх хөглөгдөн явлаа. Говь нутаг цоо шинэ ертөнц мэт ах сониучирхан сэтгэлдээ тогтоохыг чухалчилж явлаа.Хамгийн их сонирхолтой нь тал газар ганц шовгор уул, эсвэл ойр ойрхон 5-7 уулс шовойгоод байж байх юм. Хажуу хаяагаар нь ганц ч чулуу үл харагдана.Гэнэтхэн газрын хөрсийг гэнэдүүлж байгаад л цоолоод гараад ирсэн юм шиг... хэхэхэ.Аараг бор толгод гэдэг нь энэ юм боловуу даа., хэмээн таав. Манай нутагт үргэлжилсэн их уулс, байц хад арсайж барсайн сүндэрлэж байдаг бол говьд сунаж тогтсон намхан намхан уулс тээр хол цайвалзан харагдах бөгөөд дээлийн эмжээр мэт намхан хөх уулс нь нүдний үзүүрт цэнхэртэн, тэнгэрийн хаяа говийн хормой тэр гэхийн тэмдэггүйгээр бие биедээ уусан алдарсан байх нь гайхалтай.. Нүдний хараа үл гүйцэм өргөн тал хөндийг энд л олж үзэв.Яасан уудам юм бэ? Монголын тал нутаг ... хэмээх сайхан дуу энэ нутагт л зохиогдсон байх. Интернет, ном, өндөр байшин 3-ыг өдөржин гөлрөх 2 нүд маань энэ өдөр ёстой л цэнгэлийн манлайг эдлэх шиг болов оо, хөөрхий.
Их л хатуу элсэрхэг хөрс байх шиг мөртлөө буугаад гишгэхээр зөөлхөн “бамбалзах” ч шиг,гутлын өсгий шигдэн ,мөр тодоос тод үлдэх нь хачирхалтай. Зөөлөн хөрстэй газар автобусны хурд хүртэл саарна.Манай нутагт өвс халиуран, цэцэгс алаглаж байдаг бол говьд агь таана, бударгана их аж. Байгалийн тогтоц гэж сонин юм аа. Замын баруун талд нь агь, хөмүүл, таана ургасан байхад зүүн талаараа жижиг жижиг элсэн овоонууд дээр бутлаг ногоон ургамал их хэмжээгээр ургасан байхыг олж үзэв. Хятадын цагаан хэрмийг үзэж явахад шоргоолж шиг олон хүнийхээ хүчийг ашиглан уулан дээгүүр модыг үелэн тарьсан байдаг. Яг л түүн шиг элсэн дов сондуулуудыг хүний гараар овоолоод овоолоод хаячихсан мэт шомбойно. Анх удаа нүдээрээ үзэж байгаа болохоор говийн юм бүхэн содон сонин байлаа, надад.
Улаанбаатараас- Ханбогд хүртэл 610 км ажээ.Бид 3 ийм хол аялахын чинээ огт санасангүй . Ээлжийн 2 жолоочтой автобус маань ч шуурхайлан давхисаар 21 цагт Ханбогд суманд шуугин буулаа.
Дундговийн нутаг өнгөрөөд цаашлах тусам амьд амьтны бараа бараг харсангүй.Их Нацагдоржийн өгүүлсэнчлэн элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана гэдэг шиг элчилгүй их талд ганц хоёр айлын бараа харагдах авч тэнгэрт улаан тоос хадаан давхих автобусны цонхоор шурдхийн өнгөрөх ажээ.”Говийн ганц айл” гэдэг нь биз ээ, бодвол. Хан богд сум дөхөж байтал 2 зээр,нэг хулан харагдав.  Бороо их орсон үед урсдаг гэх 5-6 сайр дайралдав.
     Нээрээ, намайг бага байхад аав маань Говь-Алтайгаас нэгэн хээр морь авчирж билээ. Түүнийг бид “Алтайн хээр” хэмээн нэрлэнэ. Хэнтий аймаг гол мөрөн ихтэй. Алтайн хээр ус руу орон оо гонж. Цахлаад зогсчихно.”Ус мэддэггүй сонин мал” гэхээр нь их гайхдагсан. Мал нь хүртэл өссөн төрсөн газрынхаа байгаль цаг уурт зохицдог нь энэ аж. Говь нь анхны амьд амьтан, хүн үүссэн өлгий нутаг. Нэгэн цагт хараа гүйцэмгүй их нуур далай байсан болов уу гэмээр хонхор хотгор их байх юм. Тэр их далайн ёроолд тунаж үлдсэн болов уу гэмээр шаварлаг усаар мал амьтнаа ундаалдаг бололтой.  Нүдэн тойром,бяцхан нуур гэмээр устай газраа бараадан айлууд хаваржиж, зусан, өвөлжпөг бололтой. Айлын бараа харагдахгүй эзгүй уудам талд ганц гэрээрээ байна гэдэг мууд дасаж, муухайд хоргодон түүнийгээ хөгжил хэмээн мунхаглах суурин иргэн бидэнд гайхалтай эр зориг санагдаж байлаа.Малчин айлууд нь хашаа хороогоо чулуугаар барьсан нь бас л нэг гайхах зүйл байв. Хаашаа л харна бүх зүйл алган дээр мэт ил харагдах тул малаа дурандаж байгаад л мотоциклээрээ хөөж ирээд хотлуулдаг гэнэ. Энэ нутагт лав “хонины найр” болдоггүй байх.Малчид морь унахаа бараг больжээ. Мотоцикль... ээ ..гэж. Дундговийн төв дээрээс ахимаг эмэгтэй, 10-д насны охиноо дагуулсан хараагүй эмэгтэй 3 дайгдан замдаа буув. Аль алиныг нь мотоцикльтэй хархүү нар тосож иржээ. Говийн зөөлөн хөрсийг хайр гамгүй туучиж зам татуулан хурдлан одох техник эртний үнэнч анд адууг  хэрэглээнээс шахан гаргажээ. Төр засаг маань монгол ахуй, соёлоо хэрхэн авч үлдэхээ бодлогоор зохицуулахгүй бол нэлээд олон зүйл дээр сэтгэл эмзэглэж явлаа.  Уудам талд минь харийнхан шүлсээ цувуулж, ухаан муутай түшээд нь арилжаагүй л байгаасай. Тэнгэрийн үрсээ тэнгэр ивээх буй заа, хэмээн сэтгэлээ засъя даа.
Олон жил уулзаагүй бид ангийнхаа охинтой дуу шуу болон уулзалдлаа.... Говийн аагим халуун буурч , эсгий гэрийн онгорхой хаалгаар оройн сэвшээ салхи сэвэлзэнэ.Саргүй шөнө зүг чигийн баримжаагаа алдан толгой эргэжээ. Морь харахаар гарахад “Манайх эко жорлон суурилуулсан, баруун талд байгаа” гэсээр найз бүсгүй араас гарч ирэв.Би зүүн тийшээ... Хүүе, эсрэгээ яв аа, хи хи хи ...инээлдэх дуу ард үлдэв.Огторгуйд түг түмэн одод түгжээ. Нэг ч үүлгүй тэнгэрт гялалзах одод бариад авмаар ойрхон.
   Говийн нар хэрхэн мандахыг үзэх нь миний нэг хүсэл байв.Сурсан зангаараа эртлэн сэрж, хураалттай банзан дээр гарч зогсоод эргэн тойрноо шинжвэл тэр чигээрээ бүдүүвтэр ширхэгтэй элс, нямбайлан барьсан хашаа, ажилтай анхилтай айл ийм л байдаг даа гэмээр эмх цэгц нүднээ тусна.Наран мандах зүгт хөндөлдөх намхан хөх уулс нарны туяанд ягааран харагдана...Яагаад ч юм сэтгэл догдолно.
Анх их хөгтэй. Машин нээг л их ээрэм талаар давхиад байдаг, бид 3 нэрийг нь мэддэггүй , энэ нөгөө 33 говийн нэг нь л яг мөн дөө, ямар говь нь юм бол оо? хэмээн хүүрнэлдэх ч эс олов. Хэн нэгнээс асуух гэтэл ихэнх зорчигчдын толгой санжигнан “давсанд” явцгаажээ. Сүүлд мэдэхнээ алдарт Галбын говь болж таарав. Галбын говь гэнгүүт л:...“Галбын цэнхэр уулстай Ганган цагаан тэмээдтэй Галба шандын ундаатай” хэмээх дуудлага санаанд буух нь соньхон.”Учиргүй зүйл гэж үгүй” ээ. Өвөг дээдсүүд минь нэгээхэн цагт амьдарч байсныг ч үгүйсгэхгүй
Алсыг хараачлан зогсож байтал намхан хөх уулын цаанаас том цагаан наран алгуурхан хөөрөв.Яг тал газраа бол цэлсхийгээ л гараад ирдэг гэж сонсож байсан юм .     Ангийн охин маань биднийг чинь сэтгэлээсээ зочлов.Бие биенээ санасан халуун сэтгэл,залуу насны гэгээн дурсамж л хүмүүсийг ийн холбодог байх.Хоёр хүү нь нөгөө алдарт Оюу толгойд ажилладаг бөгөөд амарч байв. Биднийг энэ нутгийн шүтээн ХАН БОГД хайрхан ,умай хад ,баяжихын агуй, Дэмчигийн хийддээ уудам тал шигээ сайхан сэтгэлт монгол хүний дур булаам сэтгэлээр аялуулахаар 2 машиндаа хуваагдан суугаад замдаа гарлаа..Бид эхлээд Оюу толгойг сонирхов. Сумын төвөөсөө 45 км ажээ.Баяжуулах үйлдвэр хэмээх хөх байшингуудын зургийг аппаратандаа буулгав.Гадны хүнийг оруулдаггүй гэнэ.Газрын хөрсөн доорх бүх эрдсийг эцсийн дамжлага хүртэл боловсруулаад БАЯЖМАЛ болгон түүнийгээ ангилж ялгалгүй ХИЛ ДАВУУЛДАГ гэнэ. Энд бас л төрийн мэргэн бодлого үгүйлэгдэж байгааг харж болно.Хэзээ энэ бүхэн зөв голдрилдоо орох юм бол?.
    Би жолооч хархүүтэй замын турш “буу халав”. Энд ажилладаг Монголчууд 1- 5 сая төгрөгийн цалин авдаг. Зарим нь 58 хоног ажиллаад 14 хоног амардаг,өглөө 5 цагаас 19 цаг хүртэл ажиллаад орой ирээд үг сүггүй унаад өгдөг гэнэ. Ёстой залуу насны аагаар л ачааллыг давж гардаг бололтой.  Тэрээр бас нэг сэтгэл эмзэглүүлсэн зүйл ярив.
Манай Оюу толгойн Монголчууд бослого гаргасан шд. Сая цагаан сараар биднийг амраахгүй гээд..., Овоолсон шороон дээр /”Овоо”-г ингэж нэрлэдэг гэнэ. Гадныхан/ хаана ч гарсан яадаг байна. Энд зөндөө л овоолсон шороо байхад хаа ч ялгаагүй юм биш үү гэжээ. Монгол газар шороон дээрээ байгаа бидэнд , бидний ёс заншилд яагаад ингэж хандана вэ? гэснээс үүдэн маргаан гарсан бололтой.
Ёс заншлыг минь бүү гутаа, би үүнийг тэвчихгүй ...” гэдэг ч билүү Жавхлангийн дуу санаанд орж гуниг төрж байлаа. Жолооч залуу өөрийн бодолтой, зөв сэтгэлтэй, жинхэнэ Монгол цөлх ухаантай залуу байв.Болох болохгүй нэлээд зүйлд шүүмжлэлтэй хандаж байлаа.Ярианаас нь хүчтэй төрийн зөв бодлого үгүйлэгдэж байна.   Зөвлөхөөр ажиллаж байсан гадаад хүн хугацаа дуусаад буцахад, оронд нь Монгол хүнийг ажиллуулан 5 сая төгрөгийн цалин өгдөг гэнэ. Бас л яагаад? Яагаад гэвэл танай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 144,4₮ үүнтэй дүйцүүлэхэд энэ мөнгө та нарт хангалттай гэдэг гэнэ . “Энэ муу харийнханыг хөөгөө л гаргачмаар байна Даанч хүчгүйдээд байна” хэмээн тэр нэмж хэлэв. Мөнх ТЭНГЭР-ийн доор амьдран оршихуй бол угтаа сэтгэлийн таашаал юм гэж цэцэн хатан хэлсэн байдаг. Ядаж эх нутагтаа сэтгэлийн таашаалаа эдлэн эзэн эрхээ эдлэнхэн суухсан.Хугацаа нь дуусаад явсан харийнхан буцаж монголд ирэх гэж их тэмүүлж зүтгэдэг гэж тэр бас ярив. Яагаад? гэхэд Монголчууд бол их ноомой, яг бидний үгээр байдаг, бас энд айх аюул ерөөсөө байдаггүй. Нэг том дарга таньдаг байхад л юуг л бол юуг аргалуулна. Гэтэл Конгод бол тэгж чадахгүй .Орчуулагч Конго хүүхнийг машиндаа суулгаа л хашаанаас гарсан байхад хаа нэгтэйгээс сум исгэрч ирээд орчуулагч бүсгүй, харийн хүүхэнд санаархагч, юутай хээтэйгээ газар дээрээ амиа алдана. Монголчууд бол эсрэгээрээ... гэж ярьдаг хэмээн шүүрс алдан өгүүлсэн юм.  Бид  давхисаар Баяжихын агуй оров. Нүд бүлтийтэл гайхсан зүйл маань тэндэхийн орчин цэв цэвэрхэн, жигтэйхэн цэмцгэр байв. Ундааны лааз шилнүүдийг 2 том шуудайнд савлан хийж тавьжээ.Агуйд харанхуй байсан ч мөнгө хэтэвчээ үрсээр хад нь гялайжээ. Өнгө мөнгөнд шүтэхээсээ илүүтэй тархиа эрдэм оюунаар цэнэглэн гэгээрэлд зоригдох дэм хайрла хэмээн сүсэглэсээр гарав.Тэндээсээ эхийн умайгаар орж “дахин төрөөд” өлгийдүүлэх ёсыг гүйцээв. Нас явж, мариа суун, бие хүндэрсэн тул умайгаар гарахдаа хөөрхөөн тэвдэж “төрөв”.Эв л хэрэгтэй юм билээ. Дээрээс жолооч маань татаагүй бол дахин төрөх биш хаданд хавчуулагдан чад хийж болзошгүй байлаа шүү, бурхаан гэж. Бид хэд бие биеэ явуулан “зүтгэ зүтгэ, дүл дүл, хүчтэй хүчтэй” гэх үгсийг дайж, инээж хөхрөлдсөөр цааш зүтгэх тэнхээ тамираа барагдтал хөгжилдөв.Энэхүү эхийн умай хүний энэ яваа насандаа хийсэн гэм нүглийг өөртөө шингээн авч , дахин төрсөн мэт ариун дагшин бие цогцос, оюун санааг таньд бэлэглэдэг тул цаашхи зам мөрөө хичээж явах ёстой гэх сайхан тайлалтай юм билээ. Эндхийн хад асга хангай газрынх шиг арсайж барсайн сүрлэг харагдах бөгөөд он жилийн уртад салхи шуурганд элэгдэж мөлийн буурал түүхийн цаг хугацааны нууцыг агуулах мэт дүнсийх нь сүрлэг. Энэ бол алдарт Ханбогд хайрхан ажээ.Нутгийн хүмүүс хайрханыхаа хажууд нэрийг нь хэлэхээсээ цээрлэн” сумын нэрээр нэрлэсэн Хайрхан” хэмээн хүндэтгэх юм. Тэндээсээ дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчигийн хийдийг зорилоо.Алдарт “Үлэмжийн чанар”энд зохиогдсон юм гэнэлээ. “Саран хөхөө” дуулалт жүжиг тоглогдож байсан туурийг үзэх хувь ийнхүү тохиож байгаа бололтой. Гэгээнтний “Ертөнц авгай гэгч би  өөрөө юмсанжээ...” гэх гүн ухааны үгс санаанд бууна. "Хүн бол өөрөө нэгэн том ертөнц юм.Орчилдон байгаа тоо томшгүй олон од гэсэн үг"  хэмээн энэ үгийг тайлдаг юм билээ. 
    Хаанаас уншсанаа санахгүй юм. Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа дээдэс хийдээ энд барьсан нь учиртай гэнэ. Тэрээр энэ газар бол алагхан дэлхийн энергийн төв гэдгийг тогтоож төвд “О” үсгийг хадан дээр шигтгэж үлдээсэн гэдэг. 19-р зууны үед олон улсын экипажийнхан дэлхийн энергийн төв монгол хүний үлдээсэн үсэгтэй яг дүйж байсанд гайхан шагширч “О” үсгийн яг голд нь хадаасны тав мэт төмөр шааж үлдээн баталгаажуулж монгол хүний оюун ухааны гайхамшгийг биширч байсан тухай уншиж байснаа ярьж явлаа.Галбын уулсын хавийн газрын тамир яг энд эрчим ихтэй байгааг эрж олон, хүрдэн эргүүлгийнх нь голч энэхүү ширээ хэлбэрт хадан дээр буусныг “Сав ертөнцийн дотоод эрчим энд ирж хуйлраад яг дээр нь суухаар хамаг хүрдийг эргүүлчих юм” хэмээн таалан болгоосон байдаг тухай түүхийг Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романаас уншиж болно. Одооных шиг өндөр хөгжсөн багаж тоног төхөөрөмж байхгүй ч энергийн төвийг тогтоож чадна гэдэг хайхамшиг.Догшин хутагтын ширээ, суудал гэх бэлгэ хадны зүүн талд байрлах хадан дээр хадаасны тав мэт төмөр байсан боловч Монгол хутагтын байрлуулсан гэх “О” үсэг байсангүй. Бодвол цагийн уртад элэгдэж эмтрэн унасан буй заа. Эсвэл Хамрын хийдэд нь байдаг ч юм болов уу? Хийдэд дөхөн ирэхэд хамгийн түрүүнд асар том хадан дээр худам бичгээр урсган сийлсэн босоо бичиг байгааг харж “заа, энэ ч үлэмжийн чанар л байж таарна” гэж ярилцан дөхтөл үнэхээр тийм байлаа.Ямар сайхан бичээ вэ? Хараад л сэтгэл хөдөлж байлаа. “Үүнийг манай нутгийн 9 хуруу Төгсөө гэдэг хүн сийлсэн” хэмээн найзын маань хүү бидэнд тайлбарлав.Бид бүгд монгол бичгийн багш нар тул дурайн урсах шүлгийн бяцхан алдаа мадгийг ч илрүүлэв. Яагаад ч юм, их халуунаас болов уу яав, толгой дүйнгэтэн, жингүйдээд ч байх шиг... ямар нэг зүйл рүү сэтгэл яарна. Дэмчигийн хийд рүү орж байхад халуун шатаж байлаа. Бараг 40 хэм хүрсэн байх .Хамгийн баруун талд байх сондгой суврагыг нар буруу тойрон бэлгэ хаданд хамаг хар муу муухайг минь арилгаж өгөхтий хэмээн сүсэглэн гуйх ёстой гэнэ. Миний урд найзын маань ач 5 настай хүү ихэд сүсэглэн ямар нэг юм бувтнан их удаан гуйв.Хойч үеийнхэн маань ийм сүсэгтэй байгаад гайхах,баярлах бас өхөөрдөх сэтгэл төрнө.Монголын их говь дахь оньсолсон их нууцсыг тайлах гэж хайгуулчин дүрээр өчнөөн л харийнхан ирж байсан ч Галбын говь үүцээ тийм ч амархан нээнэ гэж үү дээ.Түүнтэй адилаар энэ бяцхан хүү бас л нэг оньсгыг биедээ тээжээ. Тэнд бас жижигхээн музей шиг байшин цоож цуургагүй байсан тул бид юунд ч гар үл хүрэн хүндэтгэл үзүүлээд гарав. Мөн бөөр, нурууны өвчинд тустай гэх бүхий л энерги шингээсэн газруудыг бусдын жишгээр гүйцээн ёслосон бөлгөө. Догшин хутагтын суудал дээр суун “Үлэмжийн чанар” дууг 3 удаа өөр өөрийн хоолойгоор, өөр өөрийн өнгөөр чин сэтгэлээ шингээн эгшиглүүлсэн тул 1000 дарь эх уншсан лугаа адил буян хурсан нь дамжиггүй биз ээ.Галбын говь , галбын орон ийм эрчимлэг болохоор ариуссан адистадын орон буюу Шамбалын орон хэмээн нэрлэсэн бөлгөө. Шамбалын орны ерөнхий байдал нь 8 дэлбээтэй бадмалянхуа цэцгийн хэлбэртэй байдаг гэж найзын маань бэр хэлснийг энэ ширээ хадан дээрээс тольдон харахад нээрээ л тийм байв. 17-р зууны үед энэхүү эрчимлэг газар байгуулсан хийдээ Галава ордон гэж нэрлэн, “урлахуй ,тэжээхүй, дуун ухаанууд, гадаад сав, дотоод шим ертөнцийн амьтны тухай мэдлэгүүд, хаан ихэс төдийгүй албат иргэд нь 64 эрдэм ухаан ид хав болсон, оньсон хүрд бүхий унаа хөлөг, багаж зэмсэгтэй” Шамбалын орон" буюу 108 төвшин сайхан зохицсон, бөө гэгээн тархитай Моногоул иргүнийг цогцлоон, замбад ирсэн үйлээ бүтээхээр зорьж , хөх толбот Монголчуудаа соён гэгээрүүлэх үйлсэд ханцуй шамлан орсон их хутагтын өлмийд сөгдмү.Хэдэн зуун жилийн тэртээ говийн энэ цайдамд Монгол театрын эхлэл болсон “ Саран хөхөө” дуулалт жүжгийг анх тавьж байсан гээд бодохоор монгол нутагт төрснөөрөө бахархах , омогших, гайхуулах сэтгэлийн гал бадарна.Багцаагаар 100-д хүн өлхөн багтахаар театрын заалыг дулаацуулж халаадаг байсан гэх туурийн зуухны үлдэцийг 2ш шилэн пирамид дотор агуулан хадгалжээ. Хийдээс буцах замд Галбын говийн цагаан тэмээд зам тосон идээшлэх нь содон бөгөөд ихэмсэг ажээ.Галава буюу Шамбалын орноор аялсан аялал жаргах нь. Яагаад ч юм Шамбалын дайн... Сэрүүн дуганы мөхөл.. гэх мэт эмх замбараагүй үгс сэтгэлд тээглэнэ. Түүхээ л эргэн сөхөж ,тархиа цэнэглэх хэрэгтэй бололтой. Найзын маань гэр бүлийнхэн биднийг аятай тавтай аялуулах гэж бүх сэтгэлээ зориулав.Нутаг орноо жуулчны баазын тайлбарлагч нараас ч илүүтэй мэдэж ам өрсөн ярьж инээж хөхөрч нэгэн өдрийг гэгээн инээд цалгиан өнгөрүүлсэн мартагдашгүй сайхан аялал маань түүх болон үлдэх буй заа. Энэ агуу хүнийг төрүүлсэн их говийн зоригтнуудын үр хойчсийн буян заяа арвижин, хөх Монгол минь үеийн үед мандан бадрах болтугай.. Сэтгэлд хайр оршоосон сайхан аялалаас ирээд унтахаар хэвтэж байхад их л том ажил бүтээсэн мэт сэтгэл цаанаа л цатгалан. 
    Ёстой нам унтжээ. Энергийн “хүүдий” дүүрсэн юм болов уу, нойр асгараад унтмаар л санагдаад байв. Манай 2 намайг “зөөлхөн хурхираад нам явахиймаа” хэмээн явуулна. 7 цаг боллоо шүү , охидуудаа хэмээх Сараа эгчийн дуугаар сэрэв. Гуравхан хоног хамт байн инээлдэж хөхрөлдөн эргээд оюутан цагтаа очсон мэт сэтгэлийн таашаал эдлүүлсэн санамсаргүй аялал минь сайхнаас сайхан байлаа. Ангийн маань охин нулимс дуслуулан биднийг үдэв. Төрсөн үрээ холын аянд үдэх мэт хүйтэн ус, замдаа идэх боов боорцгийг хүртэл бэлдэж өгөн бидэнд хоргодон байлаа. Дахиад хэд хоносон бол Ёлын ам,Мэлхий хад руу аялах байсан юм. Амарч байж яараад...хуй салхи шиг... хэмээн цухалдана. Нүүдэлч иргүнүүд тэр дундаа монгол хүн ---- хүнийг дээдэлж, тэнгэрийг шүтэн, орон зайг эрхэмлэж, ХҮНД ХОРГОДОХ ёсонд найдаж захирагдан нийгэмшихээр уургийн молекултай бүтээгдсэн байдаг хэмээн Их хатны сударт буй. Ангийн минь охин САЙН яваа ажээ. Хүнийг дээдлэн ,хүнд хоргодож дурыг булаах халуун дотно сэтгэлээс энерги авч байгаагааа хүмүүс тэр бүр мэдэрдэггүй . Хол ойрын хэний боловч сэтгэлийг эзэмдэн халуун дулаан хайраа түгээх монгол- хүн чанар нь хэнийг ч гэгээрүүлэн гаргадаг увдис нь юм гэнэлээ.
Элэгсэг дотно сайхан гэр бүл эрүүл энх, элэг бүтэн жаргах болтугай.
Хөх Монголчуудыг минь ТЭНГЭР ивээж, ноён хутагтын сахиус өршөөг ээ. УЛААНБААТАР ХОТ 2013-07-06
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Handmaa (зочин)

Gerliin urguunii niitlelech Myadagmaagiin Shambaliin ornoor buyu Dogshin hutagtiin nutgar ayalsan temdegleleiig unshaad ene hunii medlegiin urgun huree helleg nairlagiin uran goyed bishirlee Argaguil mergejliin mongol helnii bagsh mongol sudlachiin gyarhai ajigch chanar uchuuhen uzuuriig tsaash ni zadlan huuh chadvar medregdej baina saihan mongol orniihoo olon tuuht gazraar ayalj ene metchilen setgegdlee huvaaltsaj setgegedlee huvaaltsaj mani metiinn munhaguudiig gegeeruuleh ih uilst chini mani metiin munhaguudiig gegeeruuleh ariun uilst chini amjilt husye Blogiin baingiin unshigch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)