Үнэний эрэлч : “Эх дэлхий мину” ОУ-ын бөөгийн чуулган

“Эх дэлхий мину” ОУ-ын бөөгийн чуулган

   “Эх дэлхий мину” ОУ-ын бөөгийн чуулган амжилттай болж үйл нь сайхан дүүрлээ. Хол ойроос ирэгсдийн мэдлэгийг тэлж, гэгээрлийн цангааг нэжгээд тайлсан хэмээхэд хэтрүүлэг болохгүй буй за. Эрдэм шинжилгээний хурал тарсны дараа бид бөөлөөний талбай руу хөдлөн оройхон товт газраа хүрэв. Үнэхээр ч машид их хөдөлмөр шингэж, ихээхэн хөрөнгө зоос гарсан нь нүдэнд илхэн байв. Ингээд арын албаны ажилд аран олноороо оролцож, шовгор цагаан асрууд илбийн юм шиг өндийн босч, энд түлээ хагалан тэнд хонь төхөөрч, тэртээд морь харах газраа бэлдэн, энтээд туг далбаагаа бөхлөн, тайз дэлгэц хөгжим хөгөө тааруулан, ажил ундарч, аажуу тайван зугаалах ганц хүмүүнгүй болжээ. Их ажил олны хүчээр эмхэрч, тогоо шанага хоол ундны үйл арвин өрнөснийг үл өгүүлэн дараа өдрийн сониноос хөөрсү...
   Өглөө ургах нарыг тосон өргөл өргөхөөр гартал тэртээ уулын оройд хэдэн залуус нар хурайлан байхуйг олж харав. Өргөөний зайрангууд үйл хийж яваа аж. Иймэрхүү үйлийг уул нь нийтэд мэдээлж байвал аштайв дээ. Гэвч хожимджээ.Дээдсээс тодорхой заавар авсны дараа хүүхнүүд 5 тивд зориулсан идээ тавгаа засч, эрчүүд хатуу хөтүү ажлаа амжуулсаар морь цаг болж нарны бөөлөөнөөр үйл эхлэв. Сонирхолтой нь бөөлөө эхлэхийн өмнөхөн нар луу хартал нээг их сайхан хунгийн хүзүүтэй залуухан бүсгүй хүзүүгээ үл ялиг өлийлгөн сунгаж нар луу тэмүүлсэн байдалтай дүрсийг маш тод харав. Зөвхөн хүзүүнээс дээшхи дүрс нь ягаан өнгөөр туяарч, нүд ам, хөмсөг нь хажуу талын байрлалаас боловч бүтэн харагдсан нь гайхалтай. Би хажууд суугаа охид, ханиасаа  тийм дүрс харав уу? гэхэд үгүй гэнэ. Ганцхан надад харагдсан гэж байх уу?
Түүх дурсахад : Энэ замбын хамгийн анхны нарны бөөлөөнийг эзэн хааны улаачийг 1 хавартай байхад 100-д хүн цуглуулан шагналын журмаар хийлгэж явлаа шүү дээ. Түүнээс хойш 5 удаа нарны бөөлөөнд оролцжээ.
   Бөөлөөний талбай тэр чигээрээ мэдээлэл шивсэн хулдаасан самбараар дүүрчээ. Тулгуур дохио болохуйц зурагт самбар байвч тухтай унших зав зай хомс байв. Таван тивийн тухай баг бүрийн хөөрхөөн найруулгатай жүжигчилсэн тоглолтыг хүмүүс ихэд шимтэн үзэцгээв. Энэ нь үлгэр сонсоод ч байгаа юм шиг , үзвэр үзээд ч байгаа юм шиг эвтэйхэн аргаар ур дүйтэй , өгөөжтэй , өхөөрдөм өгүүлж, ойлгуулсан нь ямарч хүний ой тойнд тогтож үлдэнэ үү л гэхээс торгон алчуур салхинаа хийсэх адил замхрамгүй, аятай үйл болсныг тодлон гэрчлэхийг хүснэ.Оул биеэрээ, онцгой ур дүйгээрээ, ойлгуулан ухааруулах хэмээсэн сэтгэлийн их чармайлгыг нь харж мэдэрч, суухад өөрийн эрхгүй хайр хүрч, бас ч хүү бардамнан гайхуулмаар аятай болж байв аа , хөөрхий. Ёстой толгой дараалан жүжигчид, торгон сайхан хоолойтнууд, тоолж барамгүй орчуулагчид, товхийсэн хөөрхөн найруулагчид л байдаг юм байна шүү дээ, манай өргөөнийхөн чинь. Үүнээс үүдээд бөө нар бол тэр чигээрээ УРЛАГ гэдгийг хүмүүс ухсан байх. Учир нь тэд аугаа тэнгэрийн далд ертөнцтэй холбогдож тэнгэр газрын сүр хүчийг нэгэнтээ илтгэж чадаж байна бус уу! Тэнгэр газрыг холбосон хөх толботны авъяасыг харийнхан ч тэр , хажуу дэргэдийнхэн ч тэр намтай адил бишрээ биз ээ. Хүйтэн сэрүүнийг үл тоон нүцгэн биендээ Хангарьдын далавч өмссөн тэр нэгэн том нүдэт, оул биеэрээ улайссан сэлэм долоох даруухан гэмээр идтэн, мартсан зарлигаа гэнэт санан “сэлэмдсэн” Тамын дайчин, мэдлэггүйн гайгаар ялд унасан сэтэрхий уруулт болон түүний хөөрхий эцэг эх “Үлгэрийн цаг” –ийн хөтөч гэлтэй тайлбарыг уншин холболт хийх авъяаслаг нэгэн , муухан багшаас илүү тайлбарлан таниулах улаач нар ... гээд тоочоод барамгүй олон олон дүр одоо болтол сэтгэлд хоногшин, нүдэнд үзэгдэх нь дурсамжтай. Дараа нь өргөөний зайрангууд бууж иргэдэд үйл хийсэн бөгөөд би шовгор малгайтай овгор онгодын талаар тусгайлан бичихийг бодож байгаа. Орой нь галын бөөлөө болж гайхалтай сайхан үйл өрнөсөн дөө. Хамгийн дурсамжтай нь манай хадам онгодуудын яг урд нь Эзэн хааны улаач залрахад ихэд билэгшээж , бас их сүрдсэн гэсэн. БууЭрЭл-үүд үнэхээр жудагтай бөгөөд бишрэм шүү. Гэтэл хэнгэргийн дуу , тасралтгүй нүргэлээд л байх юм. Нээг их олон агтны төвөргөөн ч юм шиг, эсвэл тасралтүй догшрон шаагих бороо ч юм шиг... зүрх хөөрөм  Тэр олон хэнгэргийн дуунаас хэлж боломгүй их нүргээн , дийлдэшгүй их хүч л мэдрэгдээд байв.  Хэнгэрэг нижигнээд л ,нижигнээд л байх юм. Монголын их амар амгалангийн дунд дүнхийн байсан модот уулсын савдаг , жирэлзэх голын лус юу нь толбот үрсийнхээ хэнгэргийн дуунд омогшин босч , тэнгэр газар тэр чигээрээ нүргэлэн орчлон хорвоо доргиж юу ч биднийг хашиж үл тогтоох мэт сэтгэл төрж суувай. Үнэхээр ч оюун санааны эзэнт улсыг байгуулахаар зорих чиглэсэн замыг хэн ч юу ч хорьж дийлэхээ өнгөрсөн бололтой."Энэхүү үйлийг хүнийх биш минийх гэдэг тэнгэрийн засаг л дүүргэж дийлнэ" хэмээн хэлсэн их эрдэмтэн О.Лхагваа гуайн үг нэгийг хэлж хоёрыг ойлгуулж байгаа гэдэгт найднам.
      Гэвч аливаа үйл зорилгоо хангасан эсэх нь хамагтай чухаг билээ.

Энэхүү үйлийг өөрийн өнцгөөс зориглон дүгнэвэл :
Гэрлийн өргөөний улаачид юу сурсан, Юу хийж чаддаг , хэрхэн зохион байгуулдагаа харуулсан “Эрдэм оюуны их наадам ” болов.
Судар бүрт уягдсан ЭВ БҮЛГЭМДЭЛ-ийн учиг хэрэгжив.
“Шүлэг минь хүлэг минь чи бид 2т дэлхийн дэвжээ хэрэгтэй гэдэг шиг “ алс замд одуулах ГЭГЭЭРЭЛ-ийн их аяны, үндэс суурь цутгагдав .
Эвийг эрхэмлэвээс хөх толботнууд хүчжин мандах итгэлийг олон хүмүүн сэтгэлдээ тээв.
Таван тивийн сүнсний хаадынхан бидэнтэй зэрэгцэн оршдогийг , бүр ямар үйл хийдэг , хэрхэн харилцвал хэн хэндээ тухтайг мэддэг болсон нь хамгийн сонирхолтой байв.
Оюун ухаант хүмүүн бүр Эх дэлхийдээ ээлтэй, жамд нийцтэй амьдрахаас өөр гарцгүй болсныг ухааруулах , цар хүрээ өргөн , цаад наадхаа бодсон , цаг үеийн тулгамдсан асуудлыг  хөндсөн энэхэн үйл маань ДЭЛХИЙ ЭЭЖЭЭ аврах дэлгэр их үйлийн эхлэл болсон нь дамжиггүй ээ...
Ийнхүү итгэл, сэтгэл, зүтгэл байхад ямар ч үйлийг дэм дэмэндээ дэмнэн бүтээж болдгийг Олон Улсын Бөөгийн чуулган харуулж , үлдэх үр арвин , үлдээсэн мөр гүн , эх орон , эх Дэлхийгээ хайрлах сэтгэлийн галтай, өөрийгөө олж , өрөөлийг биширсэн гэгээрлийн олзтой өндөрлөлөө. 

  Дэлхийн Монголчуудын голомт өргөө гэрт минь морилсон гадна дотны зочдын сэтгэлийг хөглөн, ил далд ертөнцийн эргэх холбоог бодитоор ухуулж , эргэн уулзах ерөөл талбин мордуулсан Тэнгэрхүү ахлагчтай бүлхэмийн гишүүддээ гүнээ талархаж ,мэхийн хүндэтгэе. 

“Эх дэлхий мину!” 

Эрин эриндээ таныгаа амирлуулах хөх тэнгэрийн ГЭРИЭт үрс нь сэрж байна. 
Эзэн хааныхаа ивээл доор хамгаалагчийн үүргээ ухамсарлан гэрлийн дайчид өндийж байна.
Таван тивийн сүнсэн хаад чуулсан хэмт хүчнээс хөх толботууд угшлаа тодлон 
Тэртээх зууны дайчин сүнсүүд,   тэнгэрийн засаг тогтоохоор тэмүүлэн байнам.

2015-10-18 Эрээн хот 19.00 цаг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)