Үнэний эрэлч : Анд гэж хэн бэ?

Анд гэж хэн бэ?

Анд гэх үгийн үнэ цэнэ юу вэ? “АНД” хэмээн аман дээрээ хэлэх ч алсуур цаагуураа АНД байж дийлэх үү? Ер нь энэ цагт анд байна уу?...

Сүүлийн үед найз нөхдөө ихээхэн дэнсэлдэг болжээ. Бид удаан нөхөрлөснийгөө АНД-ын зэрэгт сэтгэдэг. Бидэнд ...танил, үйлийн анд, сэтгэлийн анд, их үйлд хамтран зүтгэх анд, төө зайгүй анд ч байдаг. Махан биеэрээ замбуулин хорвоод амьдрахдаа ч, сүнсэн биеэрээ хөх мөнх тэнгэрт одохдоо ч үйлийн андаараа холбогдож,үе дамжин нөхөрлөлөө чанд сахидаг андгайт “АНД”-ын тухай өнөөдөр хөөрөлдье. Наян их мөргүдийн дундаас найман их андаа олоход арвин их шалгууртай гэнэм.

Анд болоход- хэм, зам нь, Эв нэгдэхэд- амин сүнснүүд нь дээд тэнгэрт очиж андгай тангаргийн 5 үйлийг үйлдэж байж, АНД болдог жамтай гэнэ ээ. Үүнд:

* Ам өчиг нь юув гэдгийг үзнэ.

* Сурсан эрдэм нь хэр , ямар чигтэйг харна.

* Анд хоорондын сэтгэл зүрх-ийг мэдэрнэ

* Болзол нөхцөлгүй байх ариун нандин холбоо-г шалгана.

* Удам гарвалыг шинжинэ. Ийм 5 шалгуураар дэнсэлдэг байх нь.

Андын гэрээг сахиулсан “Алтан дээд үнэний аялгуу”-гаа танин,андын их жаягаар жаяглах нь хар амиа хичээх, зоос мөнгөний төлөө шунан дурлах, амны ар-аа даахгүй байх, оноогдсон үүргээ хөсөрдүүлэх....г.м түм буман хар муухайгаас салгах нэг арга тул энэ тухай сонирхоцгоое.

За, тэгвэл ямар хүмүүс нь анд болдог юм бэ? гэвэл:

* Уул,ус, ураг төрлөөрөө холбогдсон:

* Заншил дэг, чиглэх зүг нэгтэй:

* Өөрийгөө олсон, эзэн эрхээ дээдэлдэг:

* Амныхаа арыг дааж, АНДГАР-аа сахиж чаддаг хүмүүс гэж товчдоо хэлж болно.

Яах гэж АНД болох ёстой гэж?

* Тусгаар таван тогтнолынхоо төлөө

* Улс ГЭР-ээ бадраахын төлөө

* Ирээдүйд “Алтан Дээд ГЭР ИЭ-т ЗАСАГ”ийг мөрдөх ЗАСАГ-ийн төлөө

* Засаг нь КҮЭН 7 биеийг олсон ТӨР-тэй болох ирээдүйн төлөө

* ИрГЭН ХҮН-ий нийГЭМ-ийн буруу булхайг арилгахын төлөө

* Өөрийнхөө ЭЗЭН ЭРХ-ээ энэ буруу булхайгаас хамгаалахын төлөө АНД болдог. Энэ бол ЖАМ гэнэ шүү, Нөхөд өө!

Андууд хоорондоо учирвал амин зүрхний гүнээс цайлган цагаан сэтгэлийн гүнээс дусал нулимс мэлмэрэн асгарч, сэтгэлээрээ цул болдог нь АНД-ыгаа олж буй нь тэр гэнэ.

Андын дэм авах, андын дэмд нэгдэхдээ бид юу хийвэл зохихыг “НийХэмээр бадраах судар”т:

“Анд болж, хамтын хариуцлага үүсэхэд огоуул биеийн байр хэмээх МЭДЛЭГ-ийн амин хүчин тодорчээ. Огоуул биеийн гол үзүүлэлт, амин хүчинг АНД гэмү” гээд:.

* Гэгээрэл боловсрол

* Мэргэшил, эрх, үүрэг

* Нэр, нас, төрсөн цаг

* Уул ус, ураг овог

* Гэр бүлт болон хамтын хариуцлагын харилцаа

* Гэгээрлээс гэгээрэл рүү зоригдоход хийж байгаа ажил

* Гэр, Уялга, Мон хэмээх үндсэн 3 онол

* 950 мэдэхүй бүхий сүнсний Жаяг

* 550 шалтгааныг угтан мэдэх зөн нь бүгд АНД хэмээх АМИН ЧАНАР билээ” гэжээ. Бичихэд цөөн ч судалж мэдэхэд асар ТОМ ойлголт явж байна, энд. Энэ АМИН ЧАНАР-уудыг өөрийн болгож чадваас өөрийгөө олж, ЭЗЭН ЭРХ-ээ эдлэн, АНД-д тоогдох зэрэг дэв-д хүрч байгаа нь тэр гэж би ойлгов. Эдгээрийг мэдэхгүй ч унаган Монгол ухаанаа алдаагүй хүмүүс зөндөө л байдаг. Энэ нь сэтгэхүйн Монгол дархлаагаа алдаагүй хүмүүс юм.

Андын аялгуу гэдэг нь юу вэ? Гэвэл дээрхээс гадна “ Зургаан сүүлт могойг сүлдэлсэн заншлыг аялгуу болгон.., амин нэгэн АНДГАР”-ыг тавьж, андын аялгууг бүтээдэг гэнэм. АНД-ууд нь:

* Галын дөл мэт асавч хамтдаа

* Гараг эрхсийг давсан ч хамтдаа

* Уулс, хайрхдыг тахисан ч хамтдаа

* Ус лусыг аргадсан ч хамтдаа

* Төөрч будилан “унасан” ч хамтдаа

* Төгөлдөр их оюундаа мэдлэг хураасан ч хамтдаа, ...МӨНХӨД ХАМТ-даа байх нь ээ.

”Гол”-оо алдан “гул” болох цагт анд барилдах ёсоноо сэргээх учиг бас байна аа. Түшдэг нь ёс,өршөөдөг нь ёс. Төгөлдөр их үйлээрээ нэгдээд тэр их үйлээрээ нэгэн цул болж дийлээгүй нь АНД чинь биш, арай доохнуур нөхөр чинь байх бус уу? Түүнээс биш ухаангүй мунхгийг нь шогширч байвал өөрийгөө хэр зассанаа хартугай, өрөөлийг хэрхэн дэмнэхээ илүүтэйхэн ухаартугай. Алд биеийн ЭД ЭС, СҮНС нь хүртэл андын тангаргийн үнэнч их ёсонд хамаарагддаг. Муухан сэтгэлээр хандаж, муухай санаа өвөрлөн, бие биедээ хар жатга явуулж,өөр өөрийгөө жатгалбал НАЙМАН их удмаараа андгүй болж дордсон амьд жишээ байдаг гэнэ. Найман үеэрээ андгүй, түшиж тулах ганц ч найз нөхөргүй байна гэдэг ямар гашуун шийтгэл вэ? Анд нөхөд, найз нартаа араараа тавиулсан, хутга шаалгуулсан гэх нөхдүүд бодмоор юм билээ. Мэдээж олон шалтаг, шалтгаан байж таарна.

“Үхэл салгасан ч ясаараа нэгдэж, үймж самуурсан ч ухаанаараа цугларч ,алтан амиа алдаад хөх тэнгэртээ гарсан ч АНД-ууд хэвээрээ хамт байя! Мэхийн байж АНД-аа хүндэлье. Мөргөн байж АНД-аа дээдэлье. ЖАЯГ-т ЁС-ыг сахиулан байж АНД-даа андгайлъя!” хэмээн бие биедээ андгайлан АНД КАУ ИР нэртэй АНДГАР талбидаг байжээ.

ЖАЯГ-т ЁС гэж юуг хэлнэ вэ?

Ядам хуруу хойрго хөдөлгөөнтэй тул”ЖАЯГ”-буюу хууль дүрмийг илэрхийлдэг.Хуулийг хүмүүс дагах дургүй. Гэвч “Галтай залуу байвч төрийнхөө хуулинд уярдаг аа” гэгчээр дагаж л таарах нь. Иймээс үнэнч шударга байна гэж тангараг өргөвөл ядам хурууны цус гаргаж, андгай тавьдаг. Хэрэвзээ тангаргаасаа няцах аваас ядам хуруугаа огтолж, чигчий хуруугаа тасддаг учиртай.

Чигчий хуруугаа тасддаг нь ямар учиртай юм? гэвэл:

ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ бол чигчий хуруу юм. Алдас гаргаад өөрийн гэсэн ухаантай байж чадаагүй бол чигчий хуруугаа огтолдог. Би өөрийн ухаангүй хүн юм байна гэж,би нийт олонтой харилцах чадваргүй хүмүүн байна гэж,тархигүй хүмүнтэй адил болж,чигчий хуруугаа тасдаж,цээрлэл хүлээдэг эртний гэгээрсэн өвгөдийн жудагтай ёс байжээ. Энэ бол сэтгэлийн хөөрлөөр хийдэг зүйл яавч биш бөгөөд одоохондоо эртдэх тул яаран сандран эд эрхтнээ тасдаж, хөгжлийн бэрхшээлтэй болоод яах вэ? Цаг нь ирэхээр биелж л таараа. Харин энэ цагийг урагшлуулах нь Өргөөнийхний эрхэм зорилго байх ёстой гэж бодном. Ингээд өөр өөрсдийгөө төлөөлөх нэг нэгэн эд юмаа солилцон андалддаг байжээ.

Сайн, сайхан сэтгэлт андууд нэгэн өргөөнд цуглаж,бие биеэ ойлгож , нэгэн зүгт хамтдаа зүтгэж байвал “Андынх нь аялгуу” тэнд л оршино.Учрах тавилантай нь уулзаж, уулзах ерөөлтэй нь цуглаж байгаа Тэнгэрийн үйл өрнөж байгаа нь тэр биз ээ. Харин одоо өөрийгөө олж, өрөөлийг дэмнэн тэнгэр үзлээ буухиалан түгээхэд, хамтын хариуцлага нэхэх цаг хугацаа бидэнд тулжээ. Гэрлийн өргөөнөөс зохион байгуулсан олон олон үйлийг нэгэн сэтгэлээр, хамтын хариуцлагаар даван туулж байгаа нь ирээдүйн сайхан амьдралын төлөө, үлдэх үрсийнхээ төлөө хийж буй эцэг эхчүүд бидний үүрэг, бодит жишээ гэж би хардаг. Улаанбаатар дахь Гэрлийн өргөө, Америк, Эрдэнэтийн үзэл бодол нэгт журмын нөхдөд түүнээс илүүг үүнээс хурдан хийх итгэл, сэтгэл, зүтгэл, мэдлэг, төлөвшил бий гэдэгт Би итгэдэг, бие сэтгэлээрээ ч дагадаг аа. Тиймээс:

* “6 СҮҮЛТ МОГОЙГ-г Сүлд болгосон ЭВ НЭГДЭЛ-ийг аялгуу” болгох :

* “ГЭМ-тэн ЗЭМТ-нийг гэсгээн дэвтээх аялгуу”-г түгээх ҮҮРЭГ-ээ биелүүлэх: .

* ”Төрөөр бадрах иргүн”-ийг төгс тулах” мэдвэл зохихуйтай болохыг амьдрал биднээс ШААРДАЖ байна.

Харин юу хийхээ ухаарч сэхээрэлгүй, Андын аялгуугаа мартаж, гээж гэмээ нь :

* “Амин ертөнц тэнгэр нь хаяж”

* “Хар мөртөн , хатаж хийсэх сэг зэм” адил болох нь. Ингэхгүйн тулд оногдсон тавилан, үүрэх үйл, хийх ажилдаа шуудрахаас өөр зам ,гарц үгүй болжээ гэдгийг ойлгохыг ИРЭЭДҮЙ биднээс НЭХЭЖ байна, ...Нөхөд өө!

Бичихэд хүндэдсэн тун бэрх сэдэв байлаа. Алдаа оноо байх аваас Андын аялгуу эс ч, нөхрийн дэмээ илгээнэ үү?

Тэнгэр Монгол Газар. Хүндэтгэсэн Г.Мядагмаа.

Улаанбаатар хот. 2017-02-04.

Ашигласан ном, судар:

1. “Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ” Улаанбаатар хот. 2009 он.

2. “Хөх Монголыг Төрөөр бадраах хутагтай нэүрит засаг-ийн Алтан дээд үнэн-ий аялгуу” Улаанбаатар 2000 он.

3. “Хөх Моногоу Ул-ыг НИЙХЭМ-ээр бадраах хутагтай дөрвөн нэүрит ИХ ЗАСАГ-ийн Алтан дээд ҮНЭН-ий аялгуу” Улаанбаатар 2008 он.

4. “Монгол хатдын онгон түүхийн гялбаа” Улаанбаатар 2015 он.

5. Мичид Гялбаа нар. “Нүүдлийн соёл” Улаанбаатар. 2014

6. Г.Мядагмаа “Тангаргийн шүлгийн агуулга, нууцыг мөрдөхүй” 2015.

7. БУСАД

Бичсэнээ ой тойнд нь бататган суулгах бас сонирхох байх гээд доорх Андгай-г оруулав.

АНД-ын ТАНГАРАГ тавих шүлэг-с

Хөх тэнгэр биднийг ниргэсэн ч

Хүмүүн алтан заяа минь эвдрэлцэн салсан ч

Найман их зүгтээ салан одсон ч

Нарт ертөнцдөө бид андууд хэвээр!

Үргээд нэгнээ хаялаа ч

Үхэл биднийг салгалаа ч

Андууд хэвээрээ гээд бид

Алтан амиараа

Хөх тэнгэрийнхээ доор

Алтан их өвгөдийнхөө доор

Гурван их үеэрээ

Гунан их уналгуудаараа

Дэнс юугаа тавьж

Ангирхан үнэн амиараа

Андгай юугаа тавья даа.

Халуун зүрх минь булгилан цохилох цагт

Хүсэл сэтгэл минь гэгэлзэн байх цагт ч

Хөх тэнгэртээ бид андын тангарагтайгаа үл мартаж

Хөрстөд бид хөө хуягаа солилцон байж

Хүмүүн их тавилангаа үл умартаж

Таван их удамдаа сануулан, сануулан захиж үлдээе дээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)