Үнэний эрэлч : Монголд нэг настай хүн өнгөрөхөд нэгэн номын сан бүхлээрээ устдаг

“Монголд нэг настай хүн өнгөрөхөд нэгэн номын сан бүхлээрээ устдаг” гэдэг үг үнэн шүү. Одоогоос 4 жилийн өмнө аавтайгаа өнгөрүүлсэн 3 сарын хугацаанд энэ үгийн үнэ цэнийг ойлгож билээ. Энэ үед би удам судрын 5 үеэ мэдэхээс авахуулаад, ах дүү хамаатан садныхаа угшил, нутаг хошууныхаа үүх түүх , уул хайрхад, гол усныхаа нэрийн түүх домог ....гээд мөн ч олон зүйлийг сонсож, ...овоо доо, бас бичиж авчээ. Энэ агуу “Номын сан”гийн дөнгөж 10%-г авч үлдэж чадсан эсэхээ үл мэднэм.

...Өнгөрсөн шөнө аавтайгаа уулзан, харайж үсэрч ,тоглодог байсан “Хар бут”-ын голоо яаааг тэр хэвээр нь зүүдэлсэн тул хөглөгдөн, дурсамж тэрлэж сууна.

Миний багад манай нутагт найр наадам их болдог байж.Айл бүр бүрхээр, тогоо нийлүүлэн шимийн архи нэрнэ, ааруул хурууд, бор шар тос,бяслаг, хайлмаг, аарцаа бэлдэнэ Сумын төвийн айлууд сургууль тарахаар бүгд зусланд гарцгаана.Миний санахад аав ээж нар “Цай уу” гэж урьсан айлаас айл руу бүгдээрээ сугадалцаад, дуулалдан явж байсан дүр зураг үлджээ. Ирсэн хүмүүсийг дайлах цайлах гэж айл бүр гараа гаргана аа. Хүндлэх, зочлох ёс агуу шүү дээ.Ёстой л Нүүдлийн соёлоо Үндэсний ганцхан чукураар нь хэрэглэн,суурьших ЭрДэм-ээ Нэү тухлан хэрэгжүүлж байсан гэлтэй.Тэр үед хатуу сархад хэрэглэдэггүй, зодоон цохион , агсан согтуу байхгүй жинхэнэ Монголоороо, ёстой л “хүний үнэртэй” байсан үе.Нутгийнхан минь Атаа 5 тэнгэр, Арван гурван Хайрхандаа цай сүүнийхээ дээжийг “цөөг”-лөн өргөсөөр ажин түжинхэн амьдарцгааж,сэвлэг үргээх, унага барих, мал хөнгөлөх, эсгий хийх , шинэ гэр барих гээд бүх юм хамтын хариуцлагад түшиглэсэн амьдрал цогцолсон үе байж.Аавын цалин ,хүүхдийн мөнгө 2-оор амьдрал ахуйгаа төвөггүйхэн зохицуулна. Илүү дутуу ганган чамин хэрэглээ байхгүй “Ёстой л эдийг хайрлахыг “гамнах” гэмү гэдэг үг хэрэгжиж байж дээ.Эдийн хэрэглээ бага байх тусам байгаль дэлхий ч амгалан байдаг байж. Шинжаан давж орж ирсэн хасгуудыг цөөхөн тооны хүн амтай Алтайн Урианхайн хязгаарт 1940 онд анх суурьшуулснаар Баян-Өлгий аймагт харьяалах болж, төр , Чойбалсан 2 туннн ч ...буруу юм хийсэндээ гэж аав ярина.Одоо манай сум 8000 хүн амтайгаас 1500 нь урианхайчууд бөгөөд хасгуудын хавчлага, ажилгүйдэл,сургууль соёлд суралцахаар бөөн бөөнөөрөө хот руу тэмүүлцгээн цөөрсөөр.... гэнэ. Бүүр нутгийн уул хайрхад ,даваа гүвээдийн нэрийг хүртэл хасгаар нэрлэдэг, тэр нь нутгийн зоны дунд нэршиж байгаа, хадны сүг зургуудыг хага цохидог, авч явж дамладаг тухай нутгийн хүн ховлон ярьсанд аав минь ихэд дургүйцэж,"Ий..Чингис байсан болоосой, гарыг нь тас чавчихгүй юү, Муу Оспаны үлдэгдлүүдийг! " гэж байдагсан. "Түрийний бөөс толгойд гарах"гэж энийг хэлж бгаам гээд.Алтай сумынхаа бүхий л уул хайрхад, овоо гүвээ, ус мөрний нэрсийг нүдэндээ зураглан харах мэт нэгжин тольдож байгаад надад бичүүлж билээ.Яаж тэр олон нэрийг тогтооно вэ? яаж тэр олон уул хайрхад, ус мөрөн, даваа гүвээдийн байршлыг мэднэ вэ?.... гайхмаар. Хятадтай хиллэдэг “Ёлт” хэмээх өвс нь морины дөрөө шүргэдэг, хөхөө донгодож, айлын хотон дотор аргаль угалз, буга согоо хамтдаа идээшилдэг, жаргалтай сайхан нутгаа Хятадуудад 1961 онд алдсаныг их л харамсан ярих. Уул нь тэр нутагт аав минь 1932 онд мэндэлж, 1953, 1960 онд 2 эгч минь төржээ.... “Бүүр бүрррр..... хамгийн сайхан нутгаа Хятадад өгөөд хүн амьтан явахад бэрхтэй, зам харгуй муутай,цул уул хадтай газрыг оронд нь авчихсан шүү дээ, үнэхээр сайхан нутаг байсансан, хамгаалж түшиж чадаагүйд лус савдаг нь гомддог биз” хэмээн нулимс цийлэгнүүлэн ярина. Нутгаа орхиж гарсандаа, эзэн байж чадаагүйдээ ихэд харуусдагсан.”Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож нутгаасаа хөдөлсөн ч хөвсөргөн л шийдэж дээ, ай тэнэг, тэнэг....үхвэл таарна...”гээд л гасална аа. Монгол даяар өрнөсөн “Их нүүдэл”-ийн гайг Өвгөдийн холч ухаанааар харж чадсан бол иргэн ч , нийгэм ч, ингэж зутраа ч уу, үгүй ч үү? Яалт ч үгүй “Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн” гэдэг нь эзэн эрхээ эдлээгүй эмзэг ардуудад нүүрлэсний “Хар гай”-“Зэмт хар нийгэм”-ийн булхай гэдгийг ухааруулж дээ, бидэнд.

Алтайн сүрлэг уулс ,чимээ шуугиантайхан урсах тув тунгалагхан,толгой хага ташим, хүв хүйтэн устай энэхүү өнтэй сайхан нутагт байхгүй араатан гөрөөс ,жигүүртэн гэж үгүй. Аавын ярьснаар 5 үеэрээ энэ нутагт суурьшсан бөгөөд өвгүд бууэрэл-үүдийн минь хуяг, шүтээнд арслан, баавгай, чоно, бар, ирвэс, тас байдаг нь бууэрэл-үүдийн минь авлаж өл залгавч, өсгөж үржүүлэн, арыг нь дааж явсан буянтай үйлийнх нь үргэлжлэл, хөлөглөн ирэх уналга, хамгаалах халхавч болсон нь тэр биз ээ. Анчин аавынхаа буянаар идэж үзээгүй ангийн мах гэж байдаггүй байлаа. Тиймдээ ч манайхан суурь өвчингүй хөнгөн шингэн байдаг нь нутгийн минь салхи, агаар, хэмийн солбицол, идэж уусан эко хүнстэй холбоотойнх биз ээ. Гэрийнхээ тооноор шовх хаднаа эврээ сэрийлгэн зогсох адтай ямаануудыг аргаль угалзтай нэг дор харах нь бидэнд хэвийн үзэгдэл ч гадны хүнд бол “Шамбалын орон” гэлтэй байв шүү дээ.

Аав нутагтаа алдартай дуучин, “Улсын анчин” цолтой хүмүн байсан бөгөөд малгүй, бүл муутай ядруухан айлууд, махсаагаа гаргахыг хүсэгчид зундаа манайхыг бараадан бууж, өдөрт 30-40-өөр нь тэмээ, морины нуруу хотойлтол ачиж ирэх тарвагыг өвчин, арьсыг нь эргүүлж өгнө. Мөн сумын цэргийн штабын хоол хүнсийг энэ мэтээр хангана.Сумын ангийн төлөвлөгөөний 70%-г ганцаараа биелүүлдэг байсан гэхээр олон амьтны амь тасалсан мэт боловч аавд минь тэнгэрээс өгсөн хишиг байсан юм. Аймгийн музейд аавын агнасан баайвгай, чононы чихмэл одоо ч нэр устайгаа бий. Таван ширхэг 40-ийн битон дүүртэл тарваганы өөх хийж ангид тушаана.Ингэхэд ХБА- тэр тосоор, яадаг байсан юм бол . Бид тарваганы тосонд хайрсан боорцог идэж өссөн болохоор хааяа гэрийн боорцог хийхээр энэ маань хорвоогийн хамгийн сайхан хүнс шиг санагддаг.Одоо ч тарваганы тос нүдний гэм, ховрын бараа болж дээ.

“Аав чинь 3 өдөр найрлахад нэг дуулсан дуугаа давталгүй дуулдаг, хоолой нь цуцдаггүй хүн байсан.” гэж нутгийн хөгшчүүл хуучлах. Кату багшийн эмхтгэсэн “Монгол урианхайн аман зохиол “ дахь дууны үгсийг “...хээ, худал бичиж, худал бичиж, дураараа зохиосон байна” хэмээгээд сайн дураараа “редакторласан” зузаан бор дэвтрээ надад өвлүүлэн үлдээж билээ.Нутаг нутагт аман зохиол болгон өөр өөрийн нэршил, хувилбартай байдаг юм, аав аа.. гэж тайлбарлах миний үгийг тэр “авч хэлэлцээгүй” бөгөөд “Миний 70 жил дуулсан дуу миний амьдад өөрчлөгдвөл тэсэж үлдэх чөмөг нь хаачих уу? Энэ чөмгийг та нар ядаж дундартал “мэрж” чадах уу?! ...гэнэ. Мөн ч их агуулгатай үг байж шүү.Санаагаа ойлгуулах, дүрслэн ярих, сэтгэлд хоногштол өгүүлэх чадвар эзэмшсэн хүн байж. Шим уугаад халахаараа... Би та нар шиг эрдэм сурсан бол Жасрайн хавьцаа, хахаха,...үгүй юмаа гэхэд аймгийн даргын ор бөглөх ч байсан юм билүү, кэн мэдлээ, Тэнгэр намайг ан ав хийж олон хүүхдээ, нутгийн зоноо тэжээ гэсэн болохоор одоо яахав, энэ амьдралыг сонгож. Аав нь эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж амьдарлаа ... “ гэж бяцхан хөөрцөглөнө. "Зоргоор амьдарсан он жилүүд" гэх дурсамжийн номоо ч амжуулж гаргасан.Нутгийн уул усны домог, гөрөөлж явсан газар нутаг, өөрийнх нь нэрээр “Гуудайн цүнхэг” хэмээн нэрлэгдсэн цүнхээлийн түүх,ан хөөж яваад Хятадын нутаг руу нэвтэрч, хилийн цэргүүдэд баригдах шахсан,... нохой хөтөлсөн 2 хятад цэргийг нам буудаж зугтааснаа нүдэнд харагдтал, бас их инээдтэй ярина."Пээ, яана аа...2-ын 2 хүн цааш харуулцсийму?" гэхээр "Үгүй ээ, нэгийг нь Ноокоо намнасан болнийш. Тэхдээ эрлэг надаас хятад хүний амь нэхэхгүй ээ" гэж цайруулна. Хэхэхэ....Хятад бол хүн биш бололтой. Сумын албан хаагчдын дунд ном унших аян өрнөхөд “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, “Кабитан Грантын хүүхдүүд” зохиолыг ярьж өгөхөд нь шимтэж суусан бид тэмээ, морио алдаад бөөн эрэл хайгуул болж билээ. Огт сургууль соёл төгсөөгүй ч хавтастай цаасаар мэдвэл зохихуйгаа үнэлүүлэх шаардлагагүй хүн бол Монгол дархлаагаа алдаагүй өвгөд юм шүү. “Буйдан баатар” тууль,бас нэг туулийг нь нэрийг мартжээ, сэтгэлд хоногштол уянгалуулсныг нь хожим хүүхдээ хүмүүжүүлэхдээ ярьж өгч байлаа. Хумсаа авахуулахгүй зугтдаг охиндоо “Хөлийн хумс нь хөдөө тийшээ махийсан Гарын хумс нь гадна тийш салаалсан 15 толгойтой атгаалжин хар мангас .. гээд ...хоолойгоо цахиртуулан, нүдээ эргэлдүүлэн аавыг дуурайн ярьдагсан. ккк.

Ээж аав 2 минь 54 жил ханилжээ. Өнгөрөхөөс нь нэлээд хэд хоногийн өмнө "Ээж чинь нээг их сайхан ногоон торгон дээлтэй, тогтож ядсан,сайвар хээр морь уначаад би наадамд явлаа гээд хорьсоор байтал талийгаач 2 эгчтэйгээ эргэж ч харалгүй давхиад явчлаа.Би нэг толгой дээр араас нь даллаж дуудаад ч ирсэнгүй" гэж зүүдэллээ. Муу ёрын зүүд. "Ээж чинь эргэхгүйн бололтой" гээд хариулга хийж суусансан. Ээжийн нэрийг огт хэлдэггүй, "хүүхдүүдийн ээж" гэнэ.

Аав бас их уртай хүмүн байсан юм уу даа.Ерөнхийдөө нүдний гэм болж буй, хараацайдаа тооно ганц тулгууртай, 8 ханатай гэрийг аав өөрөө урласан бөгөөд 9 хүүхэдтэйгээ олуулаа амьдарч байхдаа барьсан байдаг. Хожуу суурьшсан Хэнтий нутгийн зон олон” “ Танай аав , дэлхий шиг том гэртэй, дээрэмчин шиг том буутай, цэнкэр “Иж”-тэй , цэцэг шиг охидтой, “ янзын сайхан шимийн архитай, язарсан сүүлтэй хоньтой, ярайсан шүдтэй, сэргэлэн шар хүн анх ирж байж билээ..” гэж инээлдэн дурсдаг юм. Тэр нутаг гахай сүүлтэй, мирнүсэн хоньдтой гэж сонсоод нутгаасаа 5 хонь ачиж ирж, үүлдэр угсааг сайжруулж байсан байгаа юм. Орчлонгийн жамаар үрс нь үүрнээсээ ниссээр өвгөн, эмгэн 2, зээ хүүтэйгээ гурвуулханаа үлдэж, том гэрээ 4 ханатай болтол нь багасгажээ. Ёстой өөрийн хийсэн хүнсээ идэж, өөрийн хийсэн хувцсаа өмсөж, жаргалтайн дэлгэр сайхан Ханхайдаа аж төрөн, хэний ч гар харахгүй амьдарч ирсний тод жишээ саяхныг хүртэл дэргэд минь байж шүү дээ.Гэр барих, ханыг үдээрээр үдэх, унь шорлох,урагдаж цоорсон эсгий, брезентэн бүрээсийг хатаасан шөрмөсөөр оёж, бөхлөх үйлийг гарын үзүүрт зарагдан гүйх бид харж өснө, заримдаа биеэр хийнэ. Аавын хийсэн гэр 1963 оноос одоо хүртэл эдлэгдэж байгаа гэхээр...50 гаран жил тэсч үлдэж, хэрэглээ даажээ. Гэтэл сүүлийн үеийн гэрийн чанар ямархан байгаа билээ дээ.

Хийсэн нь чанартай, хэлсэн нь үлдэцтэй, юу чаддагаа үрсдээ өвлүүлэн үлдээгээд “Тэндэх гэр”тээ буцсан ч Та минь МӨР-өө үлдээж, ЗӨН-гөө дүүргэжээ. “Алтан судар”-т бичсэн 7 дээд эцгийн зөн ийнхүү үгээр, үйлээр, үйлдлээр эцгээс үрд, үрээс үрд дамжин удамшиж байвал Монгол ахуй , Монгол сэтгэхүй тэсч үлдэх нь гарцаагүй.” Өрх бүл бүр 7 дээд эцгийнхээ зөнг өвлөн авдаг жаяг” гээч маань энэ л юм биш үү. Бидэнд ихэд дутагдаж буй ахуй доторх энэ жаягаар л “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах”нь гарцаагүй. Харин одоо миний, бидний ЭЭЛЖ ирж байна..Харин юугаа хэлж, хуйхаа маажна аа. Гэвч азарганыхаа хүрээгүй газарт унага нь хүрдэг ёстой. Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг учиртай гэдэг л.

“Харийн олон мэргэдийг номтой гэж эс айнам.Хажуу айлын чавганцаас үг сонсоогүйдээ айнам” гэх хайхалтай үгийг Дашбалбар агсан ёстой орой руу ортол хэлсэн нь үүнтэй утга нэг мэт. Харвард, Оксфорд, МГУ.. төгсөөгүй бол хэн ч биш гэх ойлголтоосоо салж, язгуурын Монгол өвгүд, эмгүдээсээ үг сонсон, “Хар авдарт эрдэнэ бий, Хазгар өвгөнд ЭрДэм бий” гэдэгт итгэцгээ, Монгол ТүмЭн минь ээ. Ингээд бодохоор дэргэд байх гэгээн Бурхадаасаа сурахгүй, харь холоос үнэнийг хайж,хамар доорхоо харахгүй,хаа хамаагүй газраас эрж мунгинаж амьдарсан, мулгуу үрсээ өршөө өө! Өвгөд минь!

Хүмүний хүсэх эс хүсэхээс үл хамааран насны намар хаяанд ирж, санчигны үс бууралтахад аливаа зүйлийн үнэ цэнийг сая л ухаарах юм даа. Ай, хорвоо гэж...

Тэнгэр Монгол Газар.

Улаанбаатар хот.

2016-12-27

75 Ул Суу Цоо, Batjargal Naran болон бусад 73 хүн

16 удаа хуваалцсан

15 сэтгэгдэл

Iher Luu Ямар сайхан сэтгэл хөдөлгөм дурсамж вэ? :)

DB Gaamaa Хуний ой тойнд улдэхээр энгийн бегеед уран хуурнэл енее уеийнхэнд унэхээр чухал байна.

Tuya Enkhee Bidentei huvaaltssand bayarlalaa. Uhan uhan medehiig hicheelee.

Otgonsuren Khukhuu Yanziin goy zuilsiin tuhai unshlaa, bayrlalaa

Tuvshin Badarch vнэхээр сайхан дурсамж бна яг л кино шиг .Найзаараа бахархаж бна аргагуй бичгийн хvн юмаа

Tsogoo Tumur Гайхалтай

Muugiij Jmuugii Үнэн хээр сайхан байна.

Зулаа Зул

Amgalan Tmg Хайхамшиг. Баярлалаа

Byambasukh Dendev Та алс баруун зүгийн ховд аймгийн хүн үү. Тэгж санагдлаа

Myadagmaa Tmg хариулсан · 3 хариу

Yalguun Saran Сайхан дурсамж байна шүү. Алтайн уулсын дунд өсөж өндийсөн багшийнхаа гайхалтай сайхан үнэн түүхийг уншихад сэтгэл сэргэж бахархал төрлөө.

Нямжав Даваадорж Кино зураг нүдний өмнө жирэлзэн өнгөрөх агшинаа самсай шархирах нь энүүхэнд буй за...

Togii Vandan гайхалтай сайхан бичсэн байна нэгийг бодогдуулж хоёрыг санагдууллаа баярлалаа бичээд байгаарай

Суучихаа Суучихаа haihaltai tenger mongol gazar

Khokh Chono Makh tsusandaa shingesen avyasa Mongol helnii mergejleeree hurtsalj nudend haragdaj setegeld buutal huurnesen dursamj setgedliig chini unshij setgeliin ih taashaal avlaa Bayarlalaa duudee bicheed baigaarai olon hund uhaarliig hairlaj uram ogch baigaa sh uu Ovoo ni

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)