Үнэний эрэлч : Монголчууд харь хэлийг амархан сурдгийн учир

Монголчууд харь хэлийг амархан сурдгийн учир

 

Монголчууд өөрийн түүхийг өөрсдөө судалж, өөрийн өв үгсийг өөрсдөө ухах шаарлага буй болсон нь үнэнээр цангасан энэ үеийн хүсэл нэгэн зүгт зангидагдсаных биз ээ. "Чихнү чимэг болсон аялгуу сайхан хэл”-нийхээ хөг аялгын тухай, түүнийг заан сургах арга зүйн тухай хөндөхийг хүслээ.
Аливаа үсгийн тэмдэгтийг дуудвал авиа, бичвэл үсэг, хэлхвэл бичиг, хэлбэл үг болдог шүү дээ.Энэ бүхний анхдагч нь авиа , үсэг юм. Үсэг хэмээх дүрсэн тэмдэгт болгонд өөр өөрийн онцлог хөг, авиалбар бий. Цухас жишээ авъя. Кирилээр МОНГОЛ гэж бичээд дуудахад:- хэл, шүд тагнайд шүргэн хэлэгдэвч , хамаршсан хөг бүдгэрч, хоолой шахах өнгө илүүтэй мэдрэгдэнэ. МОНГГОЛ, МОНГГУЛ хэмээн дуудахад, уушгинаас гарсан хий хоолой шахахгүйгээр хамаршин, бахлага чангарч, өгүүлэх эрхтнүүд "сул зогсолт"-гүйгээр үүргээ бүрэн гүйцэтгэж байгааг та туршаарай. Хамаршсан “Н”, “Г” болон хоолойн “Г”, хэлний “Н” авиа нь хэлний уянгалаг, хөглөг, зөөлөн хэлэгдэх шинжийг агуулдаг.Монгол хэл уянгалаг байх уу? Хатуу хахир байх уу? гэдэг хариуг авиа зүйн төвшинд хайгуул хийснээр мэдэж болно. Хүмүүсийн дурдатгал болон үлдэж хоцорсон видеог сонсоход Ри багш хамраараа хүнгэнүүлэн их сайхан дуу хоолойгоор ярьдаг нь аялга утга зохирдог гэнэ.
Кирил бичит шилжсэнээр гийгүүлэгч авиаг зөөлрүүлэх үүрэгтэй эгшгүүд гээгдэж , битүү үеүд ихээр нэмэгдсэн нь аялга хатуурах гол шалтгаан болсон ч байж болно. ӨвөрМонголд очоод анхны хичээл дээр Нарсу, Царсу, Алдарту, Илалту, Өрнөлтү гэх мэтээр нэрсээ танилцуулахад жигтэй сонин санагдаж байж билээ. Нэрсийн сүүлийн эгшгүүд нь хатуу “С”,“Т” “Р” авиаг зөөлрүүлж, хахирган хөгийг намсган чимэг нэмдэг бол өнөөгийн бидний хэллэгээр царгиатай, хахирдуу,цохилттой дуудагдах болсон.
Судрууд дахь өв хэллэгүүдийг уншихад яагаад хэл чилж, бахлуур хоолой өвддөг вэ гэвэл харь хэлний авиагаар тэмдэглэсэн үгсийг дуудсаар дасал болсон бидний өгүүлэхүйн эрхтэн маань ондоошиж, “харьжиж” байгаатай холбоотой юм болов уу гэж бодогддог. Хэл нь нийгмийн үзэгдэл тул хэлэхүй нь түүнийгээ дагаж хувьсаж өөрчлөгдөвч өөрийн унаган соёл үндэстэн угсаатандаа л ээлтэй. Үүний цаана Монгол хүний унаган ген тээгдэж явдгийг мартаж үл болно. Хөөмий, исгэрээ, гийнгоо, хархираа бол яг энэ шинжид тулгуурлан уянгалж байдаг хайхалтай өв. Харь хүн эдгээрийг онцгой сайн суравч Монгол хүнээс дутдаг нь ч үүнтэй холбоотой. Учир нь дөрвөн улирлын хатуу хахир, уян зөөлөн цаг агаарын ааш аягт зохицсон Монгол ген нь өлгийдөж авсан газар орны сүнсэн хэмээр тэтгэгдэн, орчинтойгоо зохицсон ӨГҮҮЛЭХҮЙН ЭРХТЭН тогтолцоог бий болгосных. Авиаг дуудахад оролцож байгаа бүх эрхтнийг өгүүлэх эрхтэн гэнэ. Энэ нь нутаг нутгийн сүнслэг бие, амьтай холбоотой болохоор тухайн хэлний авиан дуудлага, өгүүлэмж, хэлэхүйгээр дамжин, үүсч бүрэлдэж, батжиж бэхжиж, үгүйрч устаж байдаг байх нь. Бид өв хэлээсээ холдох тутам өвлөгдөх “нууцсаас”-аа алсуур хөндийрээд байна гэсэн үг.. Ойрдуудаар зогсохгүй халхууд ч “Х-К, Г-Х” авиаг сольж хэлдэг нь тухайн хүний өгүүлэх эрхтний тогтолцоотой холбоотой хэлэхүйн асуудал.Үүнийг авиа зүй гэх бөгөөд судалдаг салбар бий.
Яагаад Монголчууд харь хэлийг амархан сурдаг вэ? гэвэл олон хөг, олон аялгыг багтаасан хэцүү дуудлагат авиалбаруудыг өгүүлэх эрхтнээрээ гаргаж чаддагт байгаа юм. Монгол хэлний фонем , морфемууд нь хүний хэлж гаргаж чадах хамгийн дээд өнгөнд хэлэгддэг тул үүнээс арай нам, доод , дунд өнгө, хөгөөр хэлэгдэх харь авиалбарыг дуудахад хялбар байдаг гэнэ.Иймд акцентгүй цэвэр дуудаж, хурдан сурах чадвартай байдаг тухай онгодын айлтгалыг уншиж байв. Энэ бол орчин үеийн судалгааг арай өөр өнцгөөс харсан шинэлэг талтай ч уурсан бухимдах “–изм” үүд, ухаанаа олохоо больсон холимогуудад ҮНЭГҮЙ юм. Үүний үнэ цэнэ нь Монгол язгуур урлаг мөн. Баталгаа нь Монгол хүн Та ч мөн. Асуудал дэвшүүлсэн нэг л өнцөг бөгөөд гүнзгийрүүлэн судлах аваас нүүр түлж, намагт унагахгүй тул энэ салбарт цоо шинэ жим гаргахыг хүснэ.
“Монгол хүний өгүүлэх эрхтний тогтолцоо ба хэлэхүй” сэдвээр дагнасан судалгаа байдаггүй бөгөөд өвөрлөгч эрдэмтэн Гарди багш Их Дээд сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичигтээ зах зухаас нь тэмтэрснийг хөөрөлдөн, нэгэн амралтын өдрийг өнгөрөөж байснаас өөр мэдээлэл, эх сурвалж олж хараагүй л байна.
Хэлэхүйн онцлог, өгүүлэхүйн эрхтний хөгжлөөс хамааран эрүүний урт богино , шанаа түүшний өргөн нарийн ч бас өөрчлөгддөг тухай сонсож байв. Ингэхээр л нөгөө Монгол хүний узуур эс, ген хадгалагдан үлдэх, эс үлдэх асуудал хөндөгдөж, олон зүйлтэй холбон, уялдаа зангилааг гарган, учир утгыг ухах судалгаа шаардаж байгаа юм. .
Ер нь хэл сэтгэхүй 2 салшгүй холбоотой бол хэл хэлэхүй 2 салшгүй нөхцөлддөг. Гэтэл өнөөгийн монгол хэл энэ зарчмаас гажсан тул олон сөрөг зүйл гарч иржээ. Жонгиносон, гонгиносон дуу хоолой, шулганаа, гацаа, бөөрөнхий хэл бол бүгд хэлэхүйн гажиг юм.Гажгийг засахын тулд яах вэ? Хариултыг бид л олно.
Зарим жүжигчид зүс царай, жүжиглэх чадвар сайтай ч хэлэхүйн гажигтай тул бүтээсэн дүр нь сэтгэлд хүрдэггүй. Онгодууд хүнгэнэсэн сайхан дуу хоолойгоор бишрэм өгүүлдэг бөгөөд дайн байлдаантай тэр үед хоолойн хүч ,холхид дуулдах цараа, төвөнхийн цохилоог ихэд эрхэмлэдэг байсан гэнэ. Сайхан дуу хоолой хүмүнийг чимдэг.Үгэнд хүч нэмж,зүрхэнд гал бадраан, омогшуулдаг. Тусгаар тогтнолоо зүрхээрээ тунхагласан 3333 хүүхдийн хөтлөгчийн дуу хоолойг сонсоод Даяар Монголчууд омогшоо биз ээ. Монгол хүн бүр дуу хоолойн өндөр чадамжтай, бишрэм байсныг ч үгүйсгэх аргагүй. Түргэн хэллэг, дайралцаан, хэл зүшрүүлэх үгсийг багаас нь зааж, өв хэлээ хадгалан, эрчимлэг авиануудыг хэлж, өсөж өндийсэн ард түмэн яавч өнөөгийнхэнтэй дүйцэшгүй.
Хэл бичгийн сургалтын гол алдаа нь зөв бичих, зөв найруулах арга зүйг голлохоос биш, зөв ярих, зөв амьсгалах,өгүүлэх эрхтнээ зөв хөгжүүлэхийг ор тас орхигдуулсанд оршино.
Бөглөрсөн адууны амин цэгийг онож хатгахгүй бол үхдэгтэй адил “Эх хэл”-ний сургалтын амийг онохгүй бол амьгүй зүйл хөггүй болж, хөшиж царцан, үлгэн салган болдог. Бид ядаж, үгийнхээ язгуур, үндсийг монгол бичигт ойртуулан сайн цаг иртэл түр торгоохоос өөр арга одоохондоо харагдахгүй байна. Журамласан 700 үгийн ихэнх нь энэ шаардлагад нийцэж байгаад талархана.
“Чихнү чимэг болсон аялгуу сайхан хэл”-ээрээ бахархан омогших эрх бидэнд байна уу? үгүй юү гэдэгт заримдаа эргэлзэх юм. Юутай ч хэр чинээндээ тааруулан хийх ажил үй түмээрээ байгаагаас хойш, хичээх л үлдэв.
Тэнгэр Монгол Газар.
Хүндэтгэсэн Г.Мядагмаа.
2017-04 сар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)