Үнэний эрэлч : Аргусан хуур шиг товшуурын “хэл”

Аргусан хуур шиг товшуурын “хэл”


“Алтайн магтаал” хайлахыг “амьдаар” нь сонсох хишигт өдөр жилийн өмнө тохиож билээ. Хэдийвээр Алтайн 13 Хайрханы ганцаас бусад нь харийн нутагт харьяалах болсон хатуухан түүхтэй ч “Дөрвөн зүгтээ сантай Дөрвөлжин их Алтайдаа “ сүслэн залбирч явдаг надад тэнгэрийн зарлиг буух мэт санагдаж догдлон гэгэлзвэй. Аргал хомоол, арц гангаа уугиулан сан тавьж, хүлээн байтал дөч эргэм насны хөрслөг эр орж ирсэн нь туульч Авирмэдийн Балдандорж ажээ. 
Удалгүй товшуурын хөг уянгалж, туулийн аялгуу гэр дүүрэн түгвэй. Бодолд хургах Атаа таван тэнгэр , Арван гурван хайрхан минь сүүмэлзэн сүүмэлзэн дөхөх сүмбэр уулсын амийг дуудан, дуулан уянгалуулах туульчийн хөгтэй аймсахад ботгон нулимс сувд шиг цайрч, бодлын хөшиг үргэхийн учир юув?
“Алтайн магтаал”-аа сэтгэлээс сэтгэлд ,бодлоос бодол дамнуулан хайлах алдарт Жилкэртний удам дамжсан туульчийн өтгөн хоолойн баргил аялгуунд өвөг дээдсийн баясал харууслыг зэрэг мэдэрч, зүрхэн тольтоос сэрсэн бодол, зүүд зэрэглээ мэт цахилан ирэхийг сонордон сонордон чагнавай. Туульчийн хоолой аргил цээл өнгөнд уусч, ер бусын хөгтэй хүнгэнэхүйеэ,хаан сайхан аавууд хатан сайхан ижийдийн минь харуустай өндөр овоод нүднээ тодорч, 6 ханат өргөөний зүүн жигүүрт “тухлах” ыг тольдвой. 
Эрчмийн их долгистой сүнсэн биеэрээ сүлэлдэхдээ товшуурын хөгт дарагдаж, толгой гудайн шүүрслэх нь юутай гунигтай,юутай уйтай.

ГэрИэ тангаргаа умартсаныг гэнэн үрсдээ мэдрүүлэх ч шиг, гээгдүүлж нутгаа орхисонд нь “ташуурын амт үзүүлэх ч шиг”, ...дааж давамгүй өртэйг нь давхар давхар сануулах ч шиг, даалгаж үлдээсэн хайрхадаа хилэгнэн хилэгнэн нэхэх ч шиг... 
Мэнэрсэн бодлоос сая ангижирч, мэлмийд тодрон, тархинд шивнэснийг шинжихүйеэ “Өвгүдөө залгах үрс минь эмээлт хүлгээ агсан, эзэн эрхээ тунхаглатухай, эх тоонотын чинь ноён оргил сэтгэлээ чилээн,итгэлээ хөглөн харуулдсаар....” гэх тайлал сэтгэлд гялсхийн, суудал өндөлзүүлвэй. 
Дайчин өвгөдийнхөө алдрыг гутаан, даанч ажиггүй явсан даахьт үрсээн өршөөж хайрлатан, даалт ивээлдээн багтааж болгоогтон ээ.
Таншаа салхин хацар илбэх шиг товшуурын хөг сэтгэлд уянгалсаар ... Уянгалсаар , ухааруулсаар,дуудсаар, сэрээсээр ахуйд тэнгэрийн элч- товшуурын хөг нь үлдээсэн нутгийн гомдол барагдтал, үйл дүүрч цуур эгшиглэтэл ,үхэл ирж тэнгэрт буцтал,онгод хөлөглөж Монгол бадартал ..., хөглөгдөх зарлигаа даган хэлмэлээ өртөөлөн босоо орших л...
Ай ,Атаа таван тэнгэр, Арван гурван хайрхан мину.Аргусан хуур шиг товшуурын “хэл”-ээр амин үргэлжлэл- үрсдээ юуг өгүүлэн шивнэнэ вэ? 
Тэнгэр Монгол Газар.
Улаанбаатар хот.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)