Үнэний эрэлч : "Эмгэн шулам" муухай юу?

"Эмгэн шулам" муухай юу?

Миний багад шулам, мангастай үлгэр сонсоогүй, уншаагүй хүн ганц ч байгаагүй гэвэл хэтрүүлэг болохгүйсэн. Хэдий эсрэг дүр ч мууг жигшээн ухааруулж, зөвд хөтөлж чаддаг шулам" нэгэн байхад "Онцгой шидийг нь хураагаад, оломгvй их тийрэнд хөтөлдөг", салхин доогуур нь ч гарамгүй, санах ойдоо ч багтаамгүй, онцын их гайтай олхиогүй "шулам " ч бас байдаг гэнэм. Шулам болгон муу биш ээ.Мууг сайнаар цайруулан, муухайг сайхнаар аргадах суу заль шингэсэн сургаалт үлгэрүүд дэх шулам эмгүний түүхийг арайтай өөр өнцгөөс нь тайлж, арга билгийг хослуулъя аа.

Шулам эмгэн шүүр унаж нисэхээрээ харь үлгэрийн шинжтэй. Ядарсан эмгүн, янзтай хоо хатан, явдал суудал уддаг амьтанд хувилж, яллаж бас ухааруулж байвал "Монгол шулам" мөн болой. Аль нь ч байсан адтай зүйл олныг сэдэж, арга заль элдвийг үзүүлдэг ээ, тэр.Очихгүй тив, оролцохгүй үйл, хүүрнэхгүй хүн,хүрэлцэхгүй орчлон,шургахгүй нүх, шунахгүй эд түүнд үгүй ээ.Олон янзаар дүрээ хувиргаж, олиггүй мууг үйлдэж чадна. Ойворгон нэгнийг үгээр урхидаж, олхиогүй нэгнийг хорлож чадна. Болох зүйлийг зөгнөж чадна,буруу мууд автуулж чадна.Ертөнц даяараа л түүний "Ер биш"-ийг гайхдаг шүү дээ.

Ил оршихуй, далд ертөнцийн хэн юм, тэр? Махан бодиос давсан чадамжийг нь бодохоор шидтэн мэт, малтаж түүхийг нь ухахаар дээдэстэн мэт. "Харагдах бие"-р үлгэрт өгүүлэгдэвч "хорьж цагддаггүйн" учир юув? Хий биеэр төсөөлөгдөн оршивч, хүмүний сэтгэлд үлдсэн нь юув? Шулам үгүй бол баатар төрдөггүй шулуухан гавьяатай учраас тэр үү?.

Үлгэрийн ШУЛАМ гээч нь угтаа зовлон таригч. Гэвч бид түүнийг өөгшүүлдэг. Шулам аюулыг сэрэмжлүүлэвч угтаж бид сэрдэггүй, ард ирээд хашхирдаг ч тосож бид тулдаггүй, "алж хядаад" явдаг ч ар дахь сургамжийг нь тоодоггүй. Гэвч өөрийгөө олоогүй нэгнийг яллаж тэр чадна, өнгөт амьдралын ҮНЭН-ийг ухуулж бас сургана.

Үлгэр дэх ҮНЭН-ийг эмгүн шулам "хэлээд", үйлийн үрийн зовлонгоос үрсээ авардаг юм болов уу? "Хар"-ын цаана нуугдсан "хайр" байвал яанам? Харыг цагаанаас ялгасан "дэнс" байвал яанам? Харыг гаднаа үзүүлэвч хайраа дотроо нуух, харыг хараар цайруулагч "Хатан онгодууд" байвал бүүр ч яанам?! Хий бие хийсгэлэн дүрт ОНГОД гэж хэн юм бэ? Тэд ямар шидтэй юм?, Юуг оньслон үлдээсэн юм?, Юуг сургамжлан сануулсан юм? Мэдье, ухъя, танья гэвэл дэлгэн уншиж ухаарай, дэлгэх нууцыг нь ажаарай.

Онгодууд бол АВ, ЭВ, ОВ нь ханасан ШУЛАМ ч мөн,АР-аа дааж, ИР-ээ хурцлан, ЭР- ээ хайхуулж, эрэгчнээ тунхагласан МАНГАС ч мөн. Аргат өвгүний дүрээр чулууг хага атгаж, аргамаг хүлгийн дүрээр муугийн хоншоорыг өшгөчиж,цэцэн хүүгийн дүрээр 9 өрлөгийг ялж,нусан жур-ын дүрээр олны хаанд ч өргөмжлөгддөг өө, тэд. Амьдрал баян, алаг хорвоо уужим болохоор Болдог, Болдоггүй өвгөн, богширго хангардь шувуу, хоёр загал морь, хосгүй цэцэн бэр, мунхаг ноён, мулгуу түшмэл ..... гээд түм буман дүрээр түүх домог, тууль үлгэрт өөрсдийгөө тэд мөнхөлж чаджээ. Нуугаад нуугаад ч өндөлзөх ЭмГүд-ийн минь ЭНЭРЭЛ, булаад булаад ч булталзах ӨвГүд-ийн минь ХАЙР үлгэрт ийн шингэжээ,"үглэх" чимээгээ анирдуулжээ. Өнөө цагийн өнгөнд өеөдөж гацсан төр, өлбийж сульдсан үрсийнхээ туучих мөрийг зааж, туулах амьдралыг тэтгэх аврал болон заларч, арга заль нь ялжээ.
Ай даа, алдахад түшдэг, аархахад дардаг,унтахад сэрээдэг, унтрахад бадраадаг ардын сайхан ӨВ-ҮЛГЭР мину! Харыг ухааруулж, хорыг таниулдаг "Хатан ухаан"-ы хэлтэрхий "Эмгэн шулам" мину, Хайр хайрын дээд үрийн ачлалыг дэвссү, хамгийг өгүүлсэн ухааны тань шижир охийг шимсү.

Тэнгэр Монгол Газар.
Хүндэтгэсэн Г.Мядагмаа.
2017-03-10. Улаанбаатар хот.

ТаалагдлааБусад хариу үйлдлийг харуулах
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)